Хэрэв та ачаагаа юунаас эхэлж бэлдэхээ мэдэхгүй байна уу?
Энд бид Au-Pair хөтөлбөрөөр Герман улсыг зорьж буй танд цүнхэндээ юуг зайлшгүй багтаах шаардлагатай талаар зөвлөмж хүргэж байна.
Нисэх цагаас 2цаг 30минутын өмнө нисэх буудал дээр очиж ачаа тээшээ бүртгүүлнэ үү.
Зорчигчийн нислэгт 1 ширхэг 23кг хүртэлх бүртгүүлэх тээш, 1 ширхэг 5кг хүртэлх гар тээшийг үнэгүй тээвэрлэдэг.
Гар тээш
Энэ тээшинд та гарт ойр хэрэг болох зүйлсийг авч явах ёстой гэдэг нь нэрнээс нь л илт байгаа байх. Хэдий танил ч гэсэн танд дахин сануулъя. Гар тээш нь гурван талын хэмжээс бариул, дугуй ээрэг нь ороод 55см х 40см х 20 см аас хэтрэхгүй 5 кг хүртэлх жинтэй байна.
- Гадаад паспорт
Мэдээж виз дарагдсан, хүчинтэй хугацаатай, урагдал гэмтэлгүй бүрэн бүтэн байна. Тухайн цаг үеийн онцлогоос шалтгаалсан дагалдаг бичих баримтуудыг бас бүү мартаарай.
- Au-Pair гэрээ, урилга (Эх хувь)
Герман улсын хил дээр таныг ямар зорилгоор тус улсад нэвтэрч байгааг асууж нотолгоо шаардахад та бэлэн байх хэрэгтэй шүү.
- Нислэгийн тийз
Онгоцны буудал дээр очиход таны овог нэр бүртгэлтэй хувийн тийзийг хэвлэж өгдөг. Мөн мэйлээр ирсэн баталгаажуулах захидал зэргийг ч хэвлээд очоорой.
- Бэлэн мөнгө
Онгоцны буудал дээр буугаад хэрэг болж болохуйц бага хэмжээний бэлэн мөнгө жижиг дэвсгэртээр авч яваарай.
- Зочин айлын утасны дугаар, гэрийн хаягтай тэмдэглэл
Онгоц хоцрох эсвэл тосож авах хүнтэйгээ зөрөх, утас цэнэггүй болох зэрэг тулгарч болзошгүй эрсдэлд бэлэн төлөвлөгөөтэй байх үүднээс холбоо барих тэмдэглэл биедээ авч яваарай.
- Гар ариутгагч, маск, халаасны нойтан сальфетка
Ариун цэвэр хэзээд чухал. Онгоцонд хооллох, хөнгөн зууш, амттан идэх үед олон дахин ариун цэврийн өрөө явж бусдад болон өөртөө төвөг удахгүйн тулд бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү.
- Жижиг амттан
Арав гаруй цаг нисэхэд идэж, унтаж байж л цагийг барна шүү дээ. Хэт их биш ч чимээ, үнэр багатай идэхэд урамтай амттан халаасандаа хийхээ мартуузай.
- Унших ном, үзэх кино
Бүх замын турш унтаад явна гэж мэдээж байхгүй тиймээс унших ном эсвэл үзэх кино нөүтбүүк, таблет дээрээ татаж хадгалаарай. Мэдээж чихэвчээ мартаж болохгүй шүү.
Та бичиг баримтаа ус нэвтрэхгүй, нугаларч урагдахгүй хавтсанд эмх цэгцтэй дарааллуулан хийх нь болзошгүй аюулаас урьдчилан сэргийлнэ. Гар тээшинд 100 мл-ээс дээш шингэн зүйл, хурц үзүүртэй мэсийн төрлийн зүйлс авч орохыг хориглодог бөгөөд та мартсан бол хилийн шалган нэвтрүүлэх дээр хаях эсвэл монголд үлдээхээс өөр замгүй гэдгийг санаарай.
Бүртгүүлэх тээш
Энэ бол таны үндсэн ачаа буюу Герман улсад удаан хугацаанд амьдрахад хэрэг болох бүхий л зүйлс байна. Гэвч 23 кг бол нэг хүн нүүхэд хэтэрхий бага байгаа биз. Тэгвэл та “Чанартай ба цөөхөн” гэдэг дүрмийг баримтлаарай.
- Өдөр тутамд өмсөх гэрийн хувцас
Хөнгөн, угааж индүүдэхэд амар, биед эвтэй 2-3 ээлжийн хувцас авч яваарай. Хэтэрхий олон бол бусад зүйлсээ үлдээх хэрэг гарна. Таныг очоод хүүе хаая гэхийн хооронд улиралын хямдралууд болж нэгийн үнээр хэдийг ч авах боломжууд гарна. Тиймээс цөөхөн чанартай гэдэг дүрмээ бүү мартаарай. Мэдээж оймс, дотуур хувцас бол хэзээд хамт.
Өвлийн цаг агаар ч бас тоглоомтой шүү дээ. Дулаахан юм шиг хэрнээ л цаанаа л нэг жиндүүхэн. Тиймээс боломжтой бол нимгэн хэрнээ дулаанаа сайн баридаг ноос, ноолууран өмд цамц оймсоо цүнхлээрэй.
- Гадуур гангараанд өмсөх хувцас
Германчууд ганган биш ч чанартай зүйлсэд дуртай хүмүүс. Мэдээж бүгд адилхан биш. Юмыг яаж мэдэхэв ганц нэг даруухан ч гэсэн ажил хичээл аялал зугаалга гээд аль алинд нь өмсөөд явчихмаар Цөөхөн Чанартай хэдэн хувцасаа эвтэйхэн эвхээд хийчихээрэй.
- Бяцхан эмийн сан
Эмийн сангаас зүгээр очоод эм авна гэдэг энэ улсад боломжгүй зүйл. Цаг агаар, ус гээд бүх зүйл солигдож байгаа учраас ходоод гэдэс хямрах, олон цагийн нислэгийн дараа толгой, чих өвдөх гээд жижигхэн асуудлууд гарч магадгүй учир жижиг эмийн сан бэлдээд ирэх нь чухал. Эмийн хайрцаг уутан дээрээ юунд зориулсан эм гэдгийг нь ч бичиж тэмдэглэчихэд илүүдэх зүйлгүй шүү. Мөн тогтмол эм уудаг бол түүнийгээ эмчийн бичгээр баталгаажуулж бага зэргийн нөөцтэй яваарай.
- Гарын бэлэг
Монгол хүн айлд хоосон очдоггүй гэдэг үг байдаг даа. Хэт үнэтэй биш ч нүдэнд харагдаж гарт баригдах бэлэг дурсгалын зүйл зочин айлдаа болон ирээдүйд танилцах хэн нэгэнд зориулаад аваад явахад харамсах зүйлгүй. Ноолууран оймс бээлий, эсгий тоглоом, хөргөгчний наалт, түлхүүрний оосор гээд үндэсний хэв загвартай шинэ содон зүйл сонгоорой.
- Ном
Эх хэл дээрээ уншиж ойлгоно гэдэг шиг жаргал юу байхав. Өдөржин дүрмийн хичээл үзэж, герман хэл дээр ярих гэж хичээсэн тархи заримдаа бас ядрах л байх шүү. Ганц сайн номтой байхад бусадтайгаа шуудангаар солиод ээлжлээд уншаад байж болно шүү дээ.
- Толь бичиг
Хэл сурна л гэж явж байгаа шүү дээ. Дэвтэр номоо хэрхэн мартаж болох билээ дээ.
- Бичиг баримтууд
Цаашид юу хийх вэ гэдгээсээ шалтгаалж хэрэг болох бичиг баримтууд харилцан адилгүй. Гэхдээ юу ч хийсэн хэрэг болдог тодорхой хэдэн бичиг баримтууд байдаг. Үүнд: Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, диплом, төрсөний гэрчилгээ, цагдаагийн газрын тодорхойлолт зэрэг байна. Заавал орчуулж баталгаажуулж бэлдэх хэрэгтэй шүү.
- Ариун цэвэр гоо сайхан
Хөдөө явж байгаа биш шүү дээ. Саван шампунь бол очсон хойно оо аль ч дэлгүүрээс авч болно. Харин нүүрний маск, нүдний дусаалга гэх мэт зөвхөн монголд л авч болох зүйлсээ баглаарай. Тэндээс олж болох ч арай л үнэтэй байж магадгүй.
- Монгол хүнс
Өвлийн улиралд хэрэг болох хатаасан аарц, чацаргана, чацарганы тос гэх мэт үйлдвэрийн сав баглаа боодолтой бүтээгдэхүүнийг хилээр цөөн тоогоор асуудалгүй оруулдаг учир санаа зоволтгүй цүнхнийхээ буланд хавчуулаарай. Харин борц, мах, ааруул зэрэг үйлдвэрийн биш, стандарт хангаагүй бүтээгдэхүүн асуудал дагуулж мэднэ шүү. Аав ээж, ах эгч гээд туршлагатай хүмүүсээсээ асуугаарай.
Уншихад илүүдэхгүй:
- Бүтэн сайн өдөр нийтээр сүмд очдог уламжлалтай байсан тул Хүнс барааны дэлгүүрүүд ажиллахгүй. Тиймээс бусад өдрүүдэд худалдан авалтаа амжуулаарай.
- Онгоцны буудал дээр үнэгүй интернэт ашиглаж болдог тул онгоцноос буугаад ачаагаа хүлээнгээ интернэт ороод сайн явж ирсэн тухайгаа гэрийнхэндээ болон тосох хүндээ мэдэгдээрэй.
- Бүртгүүлэх тээшин дэх шингэн зүйлсийнхээ тагийг сайн шалгаж давхар уутанд хийгээрэй.
- Онгоцонд тухтай явахын тулд биед эвтэй хувцас, гутал өмсөөрэй. Мөн буух газрынхаа цаг агаарыг хараарай.
- Кондэйшны ханиад, харшилаас урьдчилан сэргийлэхийн тулд бүлээн шингэн ойр ойрхон уух, боломжтой бол маск зүүгээрэй.
- Онгоцонд тухтай унтахад хэрэг болох нүдний хаалт, чихний бөглөө, аялалын дэр авч яваарай.
- Герман улсад очихоос өмнө эмнэлэгт үзүүлэх, урьдчилсан шинжилгээ зэргийг хийлгэж эрүүл мэнддээ анхаараарай. Анх гадаад улсад очиж байгаа хүн дасан зохицох, хэл соёлыг ойлгох цаг хэрэгтэй шүү дээ. Эхний өдрөөсөө л өвдөж болохгүй.
Ачаагаа яаралгүй тайван баглаж сайн шалгаарай. Бидний бэлтгэсэн мэдээлэл хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
Gute Reise nach Deutschland