Монгол шиг адил хүйтнээр төсөөлж байсан ч огтхон ч тийм байгаагүй. Дулаан, бороотой чийглэг цаг агаар нь маш таалагдаж байсан.

‘Weg zur Ausbildung’ – “Мэргэжилд хөтлөх зам” блог мэдээ булангийн цахим зочноор манай соёлын солилцооны хөтөлбөрөөр Герман улсад ажиллаж амьдарч байсан Цэлмэг маань оролцож байна.

Өөрийгөө танилцуулна уу?

Сайн байна уу? Намайг Цэлмэг гэдэг19н настай. Одоогоор Герман улсад Соёлын солилцоо хөтөлбрөөр ирээд9н сар болж байна.

Яагаад Герман улсыг зорих болсон бэ? Ямар зорилго тээн очсон бэ? Анх очиход хэр таалагдсан бэ? Монголд байхдаа төсөөлж байснаас өөр байсан уу?

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд гадагшаа явж сурах зорилготой байсан ба маш олон зүйлс судалж үзсэний үр дүнд, Герман улсын боловсролын тогтолцоо, ажиллаж амьдрах нөхцөлүүд маш их таалагдаж энэ улсыг зорихоор шийдсэн. Миний зорилго нь Герман улсад их сургуульд сурч чанартай боловсрол эзэмших бөгөөд, хөтөлбрийнхөө хугацаанд эхний ээлжинд хэлээ маш сайн сурах нь нэн тэргүүний зорилго юм.

Намайг анх ирэхэд Германд өвлийн улирал болж байсан ба Монгол шиг адил хүйтнээр төсөөлж байсан ч огтхон ч тийм байгаагүй. Дулаан, бороотой чийглэг цаг агаар нь маш таалагдаж байсан. Монголд байхдаа Герман улсын талаар тодорхой хэмжээний төсөөлөлтэй байсан ч өөр тивийн хөгжингүй улсын соёл, орчин бүгд л өөр, шинэ мэдрэмж өгч байсан.

Германд амьдрахад хамгийн таатай сайхан зүйл нь юу байв, хамгийн хэцүү хүнд зүйл гэвэл юуг хэлэх вэ?

Үнэхээр эрүүл, тухтай амьдрахад сайхан орчинтой. Надад хамгийн их таалагддаг зүйл нь чөлөөт цаг, амралтын өдрөө хүмүүс зөв боловсон өнгөрөөх орчин нөхцөлийг хэрхэн бий болгосон байгаа нь маш гоё, ногоон байгалиа хэвээр нь авч үлдэж, байгальд ээлтэй байдаг нь сайхан санагддаг.

Миний бодлоор хэцүү зүйл гэвэл хоол байсан. Яагаад гэвэл энд 5н хүн тутмын 3н хүн нь мах иддэггүй ба мах иддэг хүмүүс нь 7н хоногт дээд тал нь 2-3 өдөр мах хэрэглэдэг байх жишээний, гэтэл манай монголчууд махны ямар өндөр хэрэглээтэй хүмүүс билээдээ. Эхний ээлжинд тулгарах асуудлын нэг яах аргагүй байсан. Яваандаа хэдэн сарын дотор зөв хооллох зуршилд нь сурч дасаад гайгүй болсон.

Бид хичээж чадвал олон боломж дэлхий дээр байна гэж хэлдэг. Ер нь Германд сурч ажиллах, амьдрах боломж хэр байна вэ?

Яг тийм. Хичээгээд тууштай байвал боломж үргэлж оршиж байдаг. Миний харж байгаагаар Германд сурч ,ажиллаж амьдрах боломж маш их бий. Гол нь зорилгоо зөв тодорхойлоод тууштай л байх хэрэгтэй.

Герман хэлээ хэр сайжруулсан бэ? Хэлний бэлтгэл, дамжаанд суралцахад яах ёстой байдаг вэ? Бидэнд зөвлөвөл? Хичээлийн хэдэн өдөртэй вэ?

Би хэлний бэлтгэлд явдаг ба долоон хоногт 2удаа хичээллэдэг. Хэлний курсэд чинь чамтай л адил түвшинтэй өөр өөр улсын хүүхдүүд байгаа учраас ярьж чадахгүй байх эсвэл ойлгохгүй байх вий гэж огт айж санаа зовох хэрэггүй. Адилхан зорилготой хүмүүс нэг ангид хамт сурч байгаа болохоор бие биедээ туслаад , мэдэх мэдэхгүйгээ хуваалцаад ирэхээр хэл ч хурдан сайжирч, нүүр хаграад өөртөө итгэлтэй болж ирдэг. Тийм болохоор алдаа гаргахаас ерөөсөө айж болохгүй.

Хичээлээс гадуурх чөлөөт цаг хэр их байдаг вэ. Чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байсан дурсамжаасаа хуваалцвал? Амралтын өдрүүдийг яаж өнгөрөөж байна?

Би долоон хоногт 1-2 өдөр чөлөөтэй байдаг ба энэ цагаараа ихэвчлэн соёлтой гүнзгий танилцаж, олон зүйлс сонирхож хийдэг. Жишээ нь, би музей үзэх, түүхэн дурсгалт газраар зочлох маш их дуртай ба амралтын өдөр бүрээрээ нэг газар очиж үзэхийг хичээдэг. Амьдарч байгаа хотынхоо бүх музей, түүхэн дурсгалт газруудаар яваад үзчихсэн кк.

Хөрш зэргэлдээ улс хот руу аялал хийх боломжтой байдаг гэж байсан. Хаашаа хаашаа явсан бэ? Аялаж амжсан уу?

Герман улс нь Европын төвд оршдог бөгөөд хил залгаа маш олон улс байдаг учраас аялахад маш боломжтой. Миний хувьд өөр улс руу хараахан явж үзээгүй байгаа. Герман дотроо 10 гаран том жижиг хотуудаар явж үзсэн ба газар бүр өөрийн төлөөлөл болсон онцгой зүйлстэй зарим нь өөрсдийн соёлтой гээд үзэж мэдэх зүйл маш их гайхалтай улс санагддаг.

Герман хүмүүсийн амьдралын хэв маяг, зан төлөв ямархуу санагдсан бэ? Тэдэнтэй хамт амьдарч, ажиллаж сурч хөгжихөд боломжтой юу?

Би Герман хүмүүсийг ихэнхи нь хахир хатуу зантай гэж төсөөлж байсан. Яг үнэндээ, маш эелдэг дулаахан хүмүүс санагдсан. Гудамжаар зөрж өнгөрсөн танихгүй хүн болгон мэндлээд өнгөрдөг нь хүртэл сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Герман хүмүүс мэдээж цаг маш сайн барьдаг гэдгийг бүгд мэднэ, тэдэнтэй амьдарч ажиллахад маш олон зүйлсийг сурдаг. Юмийг маш хариуцлагатай, чанартай хийж сурахаас гадна, төлөвлөлт цаг ашиглалтыг сурснаар юмсыг илүү хялбар болгож, өөрт ачаалалгүй ажиллаж сурдаг гэх мэт.

Герман үндэсний баяруудад олон оролцсон уу? Баяр ёслолыг яаж тэмдэглэдэг юм байна? Ямархуу байдаг вэ?

Германчууд баяр ёслолыгутга төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэдэг. Би шинэ жилийн баярт хамгийн их дуртай гэтэл энд ирээд анх удаа зул сарын баярыг тэмдэглэхэд бүр үнэхээр их таалагдсан. Зун болохоор энд тэндгүй маш олон баяр, фестивалиуд болдог. Хүмүүс баяраа хамгийн гоёоороо л тэмдэглэдэг юм байна лээ.

 

Энэ хөтөлбөрөө дуусгаад цаашдаа ямар зорилготой байна. Өөр хөтөлбөрт хамрагдах уу?

Хөтөлбрөө дуусгаад мэргэжлийн коллежид хамрагдах зорилготой бэлдэж байгаа.

Монголоос шууд аусбилдинг юм уу сайн дурын ажил хийх хөтөлбөрт хамрагдахаар хөөцөлдвөл бэрхшээл байна уу?

Хэлний хангалттай мэдлэгтэй гэж үзвэл хамрагдахад асуудал гайгүй санагдсан. Хэрвээ хэлээ мөн сурах шаардлагатай бол эхний ээлжинд соёлын солилцоогоор ирээд тэр хугацаандаа хэлээ сайжруулаад шат дараалалтай явбал илүү хялбар гэж бодож байна.

Төгсгөлд нь асуухад Германд улсад сурч ажиллах хүсэлтэй залууст юу анхаарч юу мэдвэл зохистой гэж бодож байна?

Миний зүгээс хэлэхэд зорилгоо маш сайн тодорхойлоод тэр зүйлдээ тууштай байгаараа гэж хэлмээр байна. Германд сурч ажиллах хүсэлтэй байгаа бол одооноос аль болох цаг баримталахад суралцаж, төлөвлөлт хийж хэвшээрэй маш хэрэг болно шүү. Мөн сурах гэж буй мэргэжлээрээ тодорхой хэмжээний дадлага туршлага хуримтлуулвал маш том давуу тал болдог. Сүүлд нь хэлэхэд зорилготой залуу хүмүүс өөрсдийгөө завгүй байлгаж үргэлж хөгжүүлж байгаарай. АМЖИЛТ

Герман улс, 2022.07.25

Германы Майнц хотын төвд орших Майнцын катедрал сүм.

 

Würzburg хотноо байрлах „Residence Würzburg“ гэх энэ байгууламж нь европын архитектурын ололт амжилтыг агуулсан гайхалтай бүх нийтийн урлагын нийлбэр бөгөөд ЮНЕСКО-н дэлхийн өвд бүртгэлтэй газар юм

 

Hamburg хотын төв ном сангийн урд таван метрийн зайд орших орчин үеийн Германы уран барималчдын хамгийн чухал цамхаг болох хүрэл барималуудын нэг.

 

Hamburg хот дахь Speicherstadt-д байх үргэлжилсэн улаан хүрэн тоосгон орон сууцнууд нь цаанаасаа л дулаахан тайван мэдрэмж төрүүлэм газар байсан.

.

Майнц хотын „Хотын төв музей“-н нэг зургаас....

 

 

Wiesbaden хотын неоготик хэв маягтай үзэмжит Marktkirche сүм.

 

Зул сарын баярын худалдаанд зарагдаж байсан герман загвартай байшингуудын жижигхэн сувенирууд..

 

Миний амьдардаг хотын өвлийн улирал дахь жирийн нэгэн өдрийн өнгө төрх...