Au Pair-ийн нэг өдөр #1
Амралтын өдөр
8 цагийн нислэгийн дараа огт танихгүй төрхтэй, бас огт танихгүй мэт хэлтэй, шоргоолжны үүр шиг холхилдсон олон хүмүүсээр дүүрэн онгоцны буудал дээр ачаа тээшээ хүлээн зогссон өдрүүд саяхан.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд гадаа зуны өдрүүдийг мэдрүүлсэн халуун байв. Au Pair-ууд зочин айлтайгаа яаж цагийн хувиараа гаргасанаас шалтгаалж амралтын өдрүүд нь өөр өөр байна. Амралтын өдөр амардаг хуваарьтай учир дугуй унах, парк орох гэх мэтээр би чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Анх ирсэнээ бодвол хэл маань хурдан сайчирж байна гэж бодоод гарч агаар амьсгалахаар гэрээс ойрхон цэцэрлэгт хүрээлэн рүү дугуйтайгаа явахаар боллоо. Гэрийнхэнтэйгээ утасаар ярих, найзуудтайгаа чат бичихдээ л монголоор ярина уу гэхээс бусад үед бол зөв буруу нь хамаагүй өдөржин л германаар ярина. Өглөө босохоос орондоо орох хүртэл герман хэлээр л ярина, ярих болгонд зочин айлын маань аав ээж, хүүхдүүд алдааг маань засаж өгнө. Тэгэхээр хурдан сайжрахаас яахав гэж бас өөрийгөө урамшуулна.
Энд уг нь сурсан хүн бол гудамжний тэмдэг тэмдэглэгээ хараад зорьсон газраа төвөггүйхэн олчихно. Гэвч надад нэг л буруу замаар салсан мэдрэмж төрөөд болдоггүй замд таарсан нэгэн эмэгтэйгээс зам асуухаар үгээ бэлдэн бэлдэн дөхөөд очлоо. Хүүхдээ салхилуулж яваа тэрээр надад зам зааж өгөхөөс гадна миний тухай сонирхон асууж өөрийнхөө 20 жилийн өмнө Англи-д энэ хөтөлбөрт хамрагдаж англи хэл сураад тэндээ 4 жил их сургуульд суралцсан түүхээ ч хуваалцав. Буруу замаар орсон ч зөв хүнтэй таарсан зөв зам байлаа.