ЗИМБАБВЕ УЛСАД AU-PAIR-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭХ ЦАГ АВАХАД ИХ ТЭВЧЭЭР ШААРДДАГ

 

  1. 5 жилийн өмнө Алфа академийг үүсгэн байгуулахад юу нөлөөлсөн бэ?

Зимбабве улсын залуучуудад нийгмийн оролцоогоо сайжруулах, гадаадад нэг жилийг өнгөрөөх боломж олгох шаардлагатай гэж бодсон. Зимбабвед ахлах сургуулиа төгсөөд шууд л их сургуульд ордог заншил байсан. Өөр зүйл хийх гэж жилийн чөлөө авдаггүй. Тиймээс залуусд их сургуульд суралцах эсвэл насан туршдаа хийх ажил мэргэжлээ сонгохоос өмнө дэлхий ертөнцтэй танилцах, орчлон ертөнцөд болж буй өөр юм үзэгдлийг үзэж харах, бага ч гэсэн туршлага хуримтлуулах боломжийг гаргаж өгөх нь энэ академийг үүсгэн байгуулах сэдэл болсон.

  1. Танай байгууллага залуусд яг юу санал болгодог вэ?

Бидний үндсэн ажил бол Au-pair зуучлал. Au-pair хөтөлбөр бол соёлын солилцооны хөтөлбөр юм. Бид одоогоор Герман, Франц улсад Au-pair-аар гадаад улсад ажиллаж, амьдрах боломжийг санал болгодог. Түүнчлэн  Зимбабвегаас Au-pair хөтөлбөрт хамрагдах боломжтой бусад улс оронд үйл ажиллагаагаа тэлэх хүсэлтэй байгаа. Үүнээс гадна  Германд суралцах хүсэлтэй хүмүүст зөвлөгөө өгдөг. Герман улсын их, дээд сургуулиудын босго өндөр, зардал нь боломжийн учир энэ тал дээр зөвлөх үйлчилгээ явуулдаг.

  1. Тавигдах шаардлага байдаг уу? Залуустай хийх гэрээнд юу заасан байдаг вэ?

Шаардлага нь: Ахлах сургуулийн төгсөлтийн гэрчилгээ буюу О-зэрэглэлтэй байх хэрэгтэй. Жолооны үнэмлэх байвал давуу тал болно. Гэхдээ заавал шаардахгүй. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт, лавлагаа шаардлагатай. Хамгийн чухал нь хүүхдэд хайртай байх. Au-pair-аар ажиллах хүн нээлттэй, бусад улсын Au-pair хөтөлбөрт тохирсон сайн хүмүүс байгаасай гэж хүсдэг.

Бид Au-pair-тай гэрээ хийдэг. Энэ нь өөрсдийг нь хамгаалах, агентлагийн зүгээс тодорхой хэмжээний аюулгүй байдлыг хангах зорилготой юм.

  1. Хүсэлт гаргагчдын эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа ямар байдаг вэ?

Би бол 70:30 гэж хэлнэ. Манайд эрэгтэйчүүдээс илүүтэй эмэгтэйчүүд их ханддаг. Гэхдээ эрэгтэйчүүд дунд Au-pair хөтөлбөрт хамрагдах сонирхол нэмэгдэж байгаа ажиглагддаг. Хүн бүр хайр, хүсэл эрмэлзэлтэй л бол энэ ажлыг хийх чадвартай гэдгийг та ойлгож байгаа байх. Au-pair хүлээн авах айлуудын зүгээс ч хүйсийг чухалчлахаа больсон. Туршлагаас харахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд хоёулаа үүрэг даалгавраа гүйцэтгэхэд бэлэн байдгийг олон хүн мэддэг болсон. Хамгийн гол нь Au-pair болон хүлээн авагч гэр бүл хоорондоо нийцтэй байх нь чухал.

  1. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуусаас шаарддаг Гёте-Институтийн А1 шалгалтыг өгөхөд ойролцоогоор хэр хугацаа шаарддаг вэ?

А1, А2 түвшин дунджаар хоёр сар хагасын хугацаа шаарддаг. Тухайн түвшний хичээлийг үзэж дуусахад хоёр сар шаардлагатай бол хагас сарыг шалгалтын бэлтгэлд зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, даваагаас баасан гараг хүртэл өдөрт 2 цаг орчим хичээллэнэ. Бид Au-pair-ууддаа А2 түвшинд заавал суралцахыг зөвлөдөг. Ингэж байж тухайн айлынхаа ахуй амьдралд илүү сайн зохицож чадна. А1 түвшинтэй бол герман хэлний анхан шатны мэдлэгтэй болох хэдий ч А2-оос дээш түвшний мэдлэгтэй бол хүүхдүүдтэй ажиллах, харилцахад илүү хялбар болох юм.

7. Зарим Au-pair-ууд Германд үргэлжлүүлэн амьдардаг уу?

Тиймээ, зарим нь Германд бүр үлддэг. Зарим нь гадаадад байх хугацаагаа Au-pair-аас өөр байдлаар сунгадаг. Жишээлбэл Германы боловсролын тогтолцоо маш сайн учир үргэлжлүүлэн их сургуульд сурдаг. Германы эрүүл мэндийн систем хамгийн шилдгүүдийн нэгд тооцогддог учир зарим нь анагаах ухааны салбар луу ордог. Ер нь Герман улсад хүнд таалагдахгүй зүйл байна уу гэж би хэлэх гэсэн юм. Татагдах зүйл маш их шүү дээ. Зарим нь Германд нэг жилээс илүү хугацаагаар амьдрахыг боддог. Герман руу илгээж байсан хоёр Au-pair маань буцаж ирээд, одоо манай академид ажиллаж байгаа бөгөөд дан ганц хэл заагаад зогсохгүй  Au-pair хөтөлбөрийн талаар сайн мэддэг нь бидэнд ч сайн талтай байдаг юм. Тэд Au-pair-аар ажиллах эсвэл Германд амьдрахыг хүсэж байгаа сурагч, залуусд биечлэн зөвлөгөө өгдөг. Бидний үзэж туулж, хуримтлуулсан туршлага гэвэл энэ байна. Зүгээр л нэг ярих бус, харин өөрийн биеэр үзэж мэдэрснээрээ бид бахархаж явдаг.