Германд Au-Pair-аар ажилласан Аззаяагийн туршлага

Сайн байна уу? Юуны өмнө би өөрийгөө танилцуулъя. Намайг Аззаяа гэдэг. Монгол улсаас ирсэн. Аззаяа гэдэг нь монгол нэр бөгөөд герман хэлэнд “Glück” гэсэн утгатай. Би 22 настай. Монгол улсад 3,5 жил Анагаахын Их сургуульд суралцаад, жилийн чөлөө авч герман улсад ирээд байна.

Миний мөрөөдлийн мэргэжил бол эмч, тэр дундаа хүүхдийн эмч. Эмч хүн хүмүүсийг баяр хөөртэй, эрүүл байлгахын төлөө ажилладаг. Би өөрөө ч хүмүүст туслах дуртай.

5 сарын 12-оос хойш би Франкфурт хоттой ойрхон байдаг Ханау хотод амьдарч байна. Ханау бол үзэсгэлэнтэй сайхан хот. Энд ирсэн эхний өдрөө би үнэхээр их гайхсан. Миний үзэж харж байгаагүй зарим зүйл, шинэ хүмүүс, шинэ гэр, шинэ гэр бүл, шинэ улс гээд бүх юм л шинэ байлаа. Энэ бүгд үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Намайг хүлээн авсан гэр бүл яг л миний аав, ээж шиг үнэхээр гайхалтай хүмүүс. Тэд намайг яг л өөрийн охин шигээ эсвэл дүү шигээ халамжилж, анхаарал тавьдаг.

Бүх өдөр зугаатай өнгөрч, би үнэхээр аз жаргалтай байна. Герман улс үнэхээр сайхан орон. Би олон үзэсгэлэнт газар, сүм, далайн эрэг, далай, хот, хөшөө дурсгал үзсэн. Энд байгаадаа би үнэхээр их баяртай байна. Хэлний курс, миний өрөө, амьдарч буй хот гээд бүгд маш сайхан.

Миний төрсөн өдөр 5 сарын 16-нд байсан ба тухайн үед Ханау-д ирээд удаагүй байсан. Бид хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөсөн. Бид их ярилцаж, бие биенээ үргэлж ойлгож, туслахыг хичээдэг. Манай гэр бүлд хүн бүр бие биетэйгээ найрсаг, эелдэг байхыг хичээдэг.

Azzaya spielt mit den Gastkindern im Wasser

Манай герман айл 7, 3 насны хоёр хүүтэй. Тэднийг Квентин, Ёоша гэдэг. Тэд ухаалаг, өхөөрдөм. Бид хамт тоглох, дугуй унах, зугаалах, кино үзэх, ном унших дуртай. Би хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч, заримдаа авдаг. Ёоша салахдаа хурдхан тэврээд үнсдэг. Энэ нь их танил мэдрэмж учир надад таалагддаг. Тэр үнэхээр хөөрхөн. Бид ихэвчлэн автобусаар явж, гэртээ тоглож, ярилцдаг. Квентин бол миний хувьд маш сайн герман хэлний багш. Тэр надад миний мэдэхгүй үгийг үргэлж хэлж өгдөг бас надтай ярилцдаг. Би ихэнхдээ ном уншиж өгдөг байсан ба хамт кино үзэхээр явдаг. Бид хамтдаа үргэлж хөгжилтэй байдаг.

Би энд ирснээсээ хойш олон шинэ зүйл сурсан. Монголд би хэзээ ч дугуй унаж байгаагүй. Харин намайг хүлээн авсан айл маань дугуй унахыг зааж өгсөн. Тэд үнэхээр сайн багш нар.

Хааяа би монгол хоол хийдэг. Манайхан үнэхээр дуртай, тиймээс би ч бас хийх дуртай. Өдөр бүр би герман хоолны төрөл, соёлоос суралцаж, илүү сайн ойлгож байгаа. Герман хэл сурах тийм ч амаргүй. Герман хэлээ сайжруулахын тулд надад илүү их хичээл зүтгэл хэрэгтэй.

Германд ирэх нь маш зөв шийдвэр байсан. Au-Pair хөтөлбөр нь миний ирээдүйд чухал туршлага болно гэж би бодож байна.

---

Туршлагаа хуваалцсан Аззаяадаа маш их баярлалаа! Германд цагийг гайхалтай, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсэн ерөөе.