1. Хангалттай дадлага хийх:
Онол дадлага хослуулан суралцах нь сурах сонирхлыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Герман улсын мэргэжлийн сургалтын тогтолцоо олон талын ач холбогдолтой байдаг. Учир нь та зөвхөн танхимын сургалтанд суугаад зогсохгүй, үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцан дадлагажих болно. Түүнчлэн, багш нар долоо хоногт нэгээс хоёр өдөр, эсвэл хэд хэдэн блок сургалтаар шаардлагатай мэргэжлийн мэдлэг олгоно. Онол, дадлага хосолсон сургалтын ачаар та ажил, мэргэжлийн ертөнцөд сайтар бэлтгэгдэн төгсөх болно.
2. Элсэн суралцах боломж:
Залуу боловсон хүчин, залгамж халаа эрэлттэй байдаг. Олон салбарт мэргэжлийн боловсрол эзэмшиж буй суралцагч хайж байдаг тул дунд мэргэжлийн сургалтанд суралцаж эхлэх боломж хавьгүй өндөр. 2019 оны 1-р сард л гэхэд 69,700 сургалцагчийн орон тоо сул орхигдсон байна.
3. Орлого:
Суралцахын зэрэгцээ цалин авна. Германд дунд мэргэжлээр сурч эхэлсэн өдрөөсөө орлоготой болно. Компаниуд таны хийсэн ажлын хөлс буюу цалинтай дүйцүүлэх мөнгөн төлбөр олгодог.
4. Ажлын гараа:
Ажилд орох өндөр магадлалтай. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн байх нь германы хөдөлмөрийн зах зээлд гарах тийз чинь байж болох юм. Учир нь мэргэжлийн боловсролын сургалтаа амжилттай дүүргэсэн суралцагчдын гуравны хоёрыг дадлагажуулагч үйлдвэрүүд шууд ажилд авдаг. Ийнхүү та мэргэжлийн боловсон хүчин болоод зогсохгүй хангалттай орлого олох болно. Компани, өдөр тутмын ажлын явц, хамтран ажилладаг хүмүүсээ аль хэдийн таньж мэддэг болсны үр ашгийг ч хүртэх болно.
5. Хэтийн төлөв:
Ажил мэргэжлээрээ ахиж дэвших боломж сайн. Мэргэжлийн боловсрол эзэмшсэнээр та ирээдүйд маш сайн бэлтгэгдсэн байх болно. Учир нь тууштай, чадварлаг мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байдаг. Зарим салбарт их дээд сургууль төгсөгчдөөс илүү мэргэжлийн боловсрол эзэмшсэн мэргэжилтэн эрэлттэй.