Германы хөдөлмөрийн зах зээл гуравдагч орны мэргэжлийн боловсон хүчинд нээлттэй боллоо.
2020 оны 3 дугаар сарын 1-нээс ХБНГУ-д ажиллах мэргэжлийн боловсон хүчний тухай шинэ журам хэрэгжиж эхэллээ. Шинээр хэрэгжиж эхэлсэн хууль журам нь Европын Холбооны бус орны мэргэжлийн боловсон хүчин Германд ажиллах боломжийг нээн өгч байна.
Германд онол, практик хосолсон мэргэжлийн сургалтанд (duale Ausbildung) хамрагдах виз
Германы Оршин суух тухай хуулийн 16a зүйлд (§16a AufenthG) заасны дагуу үйлдвэрлэлийн мэргэжлийн сургалт, мэргэжил дээшлүүлэх багадаа 2 жилийн сургалтанд хамрагдах гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгож болно.
Виз мэдүүлэгч нь ЭСЯ-ны Консулын хэлтэст биечлэн ирж бичиг баримтаа өгнө. 18 нас хүрээгүй виз мэдүүлэгч асран хамгаалах эрх бүхий хүмүүсийн хамт ирнэ. Эцэг эхийн аль нэг нь Германд амьдардаг бол нотариатаар баталгаажуулсан зөвшөөрлийг хавсаргана.
Бүрдүүлэх бичиг баримт: Визийн мэдүүлэгт өгөх бичиг баримтуудыг эх хувиас гадна 2 хувь хуулбарын хамт өгнө. Визийн мэдүүлгийг шийдвэрлэсний дараа бичиг баримтын эх хувийг буцаан олгоно. Англиас бусад хэл дээрх бичиг баримтыг герман орчуулгын хамт өгнө. Бичиг баримтаа доорх дарааллаар эрэмбэлнэ үү.
1. Бүрэн гүйцэд бөглөсөн, виз мэдүүлэгч гарын үсгээ зурсан үндэсний визийн маягт ("VIDEX" маягт)
2. Биометрийн шаардлага хангасан 35*45 мм хэмжээтэй 2 хувь цээж зурагны нэгийг үндэсний визийн маягтын цээж зураг байрлах хэсэгт нааж хоёр дахь зургийг нь наалгүй авч ирнэ.
3. Хүчинтэй паспорт
4. Визийн хураамж 75 еврог монгол төгрөгөөр
5. Мэргэжлээ хэрхэн хаана дээшлүүлэх сонирхолтой бөгөөд хаана үргэлжүүлэн ажиллах гэж байгаа талаар болон очоод байрлах хаягаа оруулсан бичмэл тайлбар захидал (Motivationsschreiben).
6. Өнөөг хүртэл эзэмшсэн мэргэжил, боловсрол ба эрхэлж байсан ажлаа алгасалгүй бүрэн оруулсан, хүснэгтчилсэн намтар.
7. Германд нэвтрэн орох өдрөөс эхлэх багадаа 3 сар хүчинтэй эрүүл мэндийн даатгал
8. Ерөнхий боловсролын гэрчилгээ ба мэргэжлийн гэрчилгээ/их, дээд сургуульийн диплом
9. Герман хэлний мэдлэгийн сертификат – В1 ба түүнээс дээш
10. Зарим тохиолдолд: Холбооны хөдөлмөрийн товчооны урьдчилан олгосон зөвшөөрөл (Vorabzustimmung der Bundesagentur für Arbeit)
11. Төлөвлөж байгаа мэргэжлийн сургалтаа дараахь байдлаар баталгаажуулна: - Талууд гарын үсгээ зурсан сургалтын гэрээ Эсвэл - Мэргэжлийн сургалтын гэрээ эсвэл мэргэжлийн сургуулийн орон тоонд багтсан байх эсвэл бүртгүүлсэн тухай баримт (Худалдаа аж үйлдвэрийн танхим IHK-аас явуулдаг мэргэжлийн сургалтанд хамаарахгүй)