Сайн дурын нийгмийн ажил чамд ямар ашигтай вэ?
Сайн дурын нийгмийн ажлыг (Эф Эс Ёот) залуус улам илүү сонгох болсны шалтгаан юу вэ?
Нийгэмд болон бусад хүнд тустай зүйл хийхийг хүсдэг хүн олон болж.
1. Нийгэмд тустай ажил хийх, сайн үйл бүтээх
Эф Эс Ёот хийвэл тусламж дэмждэг шаардлагатай хүмүүст тус болно. Сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх болно. Өдөр тутам тэр бүр тааралдаад байдаггүй хүмүүстэй уулзана. Чиний хичээл зүтгэл, тусламж дэмжлэг олон салбарт шаардлагатай. Яагаад чухал вэ гэж үү? Чи манай нийгмийн олон давхаргын дүр төрхтэй танилцаж, өөр өөр амьдралын нөхцөл байдалтай хүмүүсийг илүү сайн ойлгодог болно. Энэ нь бидний нийгэмд хүмүүс хоорондын харилцаа, хамтран аж төрөх ёсыг бэхжүүлэх юм. Чиний дэмжлэг хэрхэн нөлөөлөхийг харах болно. Туршаад үзээрэй!
2. Эф Эс Ёот хийж өөрийгөө хөгжүүлэх
Сайн дурын жилийн ажил хийснээр чи өөрийн хувийн шинж чанарыг улам бэхжүүлж, асар их хөгжинө. Янз бүрийн шинэ хүнтэй уулзаж, тэдэнтэй холбоо харилцаа тогтоох болно. Ингэж чи нээлттэй, сониуч зан, уян хатан байдлаа харуулах болно. Тэдэнтэй хамтран ажилласнаар багаар ажиллах, харилцах чадвараа сайжруулна. Заримдаа бэрхшээлтэй тулгарч, зөрчилдөөн шийдвэрлэх шаардлага гарна. Хэцүү байж болох ч чи даалгавар, бэрхшээл, шалгуураар дамжуулан өсөн дэвжих болно. Шаардлагатай бол бид зохион байгуулагчийн хувьд чамд дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
Цаг хугацаа өнгөрөх тусам чи Эф Эс Ёот-ын хүрээнд олон үүрэг даалгаврыг бие даан хийж чаддаг болно. Юунд хүрч, юу хийж, юунд нөлөөлж чадахаа мэддэг болно. Эф Эс Ёот-ын тусламжтайгаар чи бие даасан байдал, өөртөө итгэх итгэлээ сайжруулж чадна.
3. Эф Эс Ёот-оор мэргэжлийн чиг баримжаа авах- зөвхан нийгмийн салбарт биш
Эф Эс Ёот-ын хүрээнд чи мэдээж нийгмийн салбартай танилцана. Нийгэм, анагаах ухаан, сурган хүмүүжүүлэх зүй, асрамж тусламжийн салбараар их сургууль юмуу дунд мэргэжил олгох сургалтанд суралцах төлөвлөгөөтэй байна уу? Тэгвэл, Эф Эс Ёот нь энэ салбар чамд тохирох эсэхийг шалгах хамгийн сайн боломж юм.
Түүнчлэн эмч, сурган хүмүүжүүлэгч, багш, асрагч болохыг хүсвэл Эф Эс Ёот чамд маш тохиромжтой. Сайн дурын ажил нь чи өөрөө бие даан мэргэжлийн чиг баримжаагаа олох боломж олгоно. Сайн дурын нийгмийн ажил нь чамд мэргэжлийн болон хувь хүний зорилгоо тодорхойлох орон зай, цаг хугацаа өгнө.
Ажлын байран дээр та ажил хөдөлмөрийн өдөр тутмын нөхцөл байдалтай танилцах бөгөөд ямар үүрэг даалгавар чамд сонирхолтой байдаг, юуг маш сайн хийж чаддаг болон өөрийн давуу талаа нээж илрүүлэх болно. Ямар мэргэжлээр сурах хүсэлтэй байгаа болон өөрийн ур чадвараа таньж мэдэх боломжийг сургалт семинарууд олгоно.
Эф Эс Ёот –ыг эзэмшихийг хүсч буй мэргэжлээ шалгаж үзэх боломж болгож ашиглаарай. Эсвэл ажиллах хугацаандаа өөртөө ямар мэргэжил тохирохыг мэдэж авч болно шүү дээ.
4. Туршлага хуримтлуулах
Сайн дурын нийгмийн ажил нь яг дадлага шиг бодит туршлага хуримтлуулахад чиглэдэг. Сайн дурын ажлын хүрээнд чи нийгмийн салбарт хувь нэмрээ оруулах болно. Өдөр тутмын ажлын нөхцөл байдал, байгууллагын үйл ажиллагаатай танилцана. Эф Эс Ёот хийсний дараа ажил хөдөлмөрийн талбарт хэрхэн учир зүйгээ олохоо мэддэг болсон байна. Дунд мэргэжлийн дадлага олгодог сургалтын байгууллагууд ажлын туршлага эзэмшсэн суралцагчдад дуртай байдаг.
Эф Эс Ёот-ын уламжлалт дадлагын бонус: Зохион байгуулагч болон байгууллагын сургагч нарын сурган хүмүүжүүлэх зүйн заавар зөвлөгөө. Сайн дурын нийгмийн ажлын хүрээнд практик үйл ажиллагаагаа туршиж үзэх орон зай хангалттай бий. Үүнээс гадна чиний нийгэмд чиглэсэн сайн дурын хичээл зүтгэлийг ихээр үнэлэх болно.
5. Сайн дурын нийгмийн ажлыг мэргэжлийн ахлах сургууль, мэргэжлийн чиг баримжаа олгох дадлага, ажиллах эрх авах сургалттай дүйцүүлэх нь
Эф Эс Ёот чамд олон талын ашигтай бөгөөд өөрийн хичээл зүтгэлийг олон чиглэлд тооцуулж болно.
12 сарын турш сайн дурын нийгмийн ажил хийсэн бол мэргэжлийн ахлах сургуулийн дадлага хийсэнтэй дүйцүүлж болно. Гезамтшуле, гимназийн дээд шат (8 жилийн гимназийн 11-р анги; 9 жилийн гимназийн 12-р анги) эсвэл мэргэжлийн коллежид мэргэжлийн дээд сургуульд дунд сургуулийн агуулгыг эзэмшсэн бол Эф Эс Ёот-ыг дадлага хийсэнд тооцуулж болно.
Сайн дурын нийгмийн ажлыг мэргэжлийн дунд болон, их сургуулийн тодорхой ангиудад элсэхэд мэргэжлийн чиг баримаа олгох дадлага, дадлага, ажиллах эрхийн сургалттай дүйцүүлж болно. Олон их дээд сургууль сайн дурын нийгмийн ажлыг элсэлтийн хүлээлгийн хугацаанд тооцон, элсэхийг хүссэн өргөдөлд нэмэлт оноо өгдөг. Нэгэнт элсэх зөвшөөрөл олгогдсон л бол хэвээр хадгалагдана. Энэ тал дээр нэгдсэн журам байхгүй бөгөөд тухайн их дээд сургуулийн журам, заалтуудыг харах хэрэгтэй.
6. Завсарлага авах сайн дурын нийгмийн ажил хийж цаг хожих
Удахгүй сургуулиа төгсөх гэж байна уу, эсвэл дөнгөж сая төгссөн үү? Хамаг амьдрал чинь хичээл сургууль байв уу? Сургууль төгсөөд яах вэ? Яагаад түр завсарлаж, сайн дурын нийгмийн ажил хийх хэрэгтэй вэ?
Зарим нь Эф Эс Ёот-ыг цаг үрсэн ажил гэдэг бөгөөд аль болох хурдан их сургуульд сурч, ажиллахыг хүсдэг. Гэхдээ дараа нь их сургууль, дунд мэргэжил олгох сургалт өөрт нь тохирохгүй зүйл байна гэдгийг ойлгоно.
Яг одоо буюу сургууль төгссөнийхөө дараа ямар мэргэжил сонгохоо шийдэхээс өмнө цаг хугацааг ашиглах завшаан тохиож байна.
Манайд Эф Эс Ёот хийснээрээ чи өөрийн хүсэл сонирхол, зорилгоо тодорхойлох, өөрийгөө сонсох цаг хугацаа, орон зайг олох болно. Надад юу чухал вэ? Би яг юу хүсэж байна вэ? Миний давуу тал юу вэ? Би хэрхэн амьдрах вэ?
Сайн дурын нийгмийн ажил чамд өөрөө өөрийгөө илүү сайн үнэлэн дүгнэхэд туслах болно. Бодитоор ажиллаж, хөдөлмөрлөж, шинэ хүмүүстэй танилцаж, өөрийнхөө шинэлэг тал, авъяасыг нээхийг үгүйсгэхгүй. Бид чамд ирээдүйн мэргэжлээ зөв сонгож гэдэг дээр сэтгэл хангалуун байх баталгаа өгч чадахгүй ч мэргэжлээ сонгох тал дээр чинь тусалж дэмжих болно.
Хий дэмий цаг алдахаасаа өмнө түр зуур завсарлаад багахан хугацаанд сайн дурын нийгмийн ажлын амтыг мэдрээрэй.
7. Сайн дурын нийгмийн ажлаар мэдлэгийн цар хүрээгээ тэлж, шинэ сонин зүйл үзэж туулах
Эф Эс Ёот-ын тусламжтайгаар чи юмыг өргөн хүрээнд сэтгэдэг болно. Их олон шинэ соргог зүйлийг үзэж туулж, шинэ хэтийн төлөв ирээдүйг харах болно. Бодит ажил хөдөлмөр эрхэлж, шинэ шалгуур шаардлагыг даван туулах замаар хөгжиж, үнэ цэнтэй арвин туршлага хуримтлуулна.
Нийгмийн сайн дурын ажлын хүрээнд янз бүрийн насны, өөр өөр соёлтой, нийгмийн салбар бүрийн хүмүүстэй харилцсанаар чи манай нийгмийн олон талт байдлыг олж харах болно. Тэд бүгдээрээ өөр өөрийн амьдралын түүхтэй. Эф Эс Ёот-ийг хийж хүрээгээ тэлээрэй.