Австри улсад зорчих тухай
Та Австри улс руу суралцах зорилгоор зорчих бол виз, эсвэл оршин суух зөвшөөрөл авах шаардлагатай. Энэ хэсгээс та анхаарч үзэх ёстой хамгийн чухал зүйлсийн товч жагсаалт, дэлгэрэнгүй мэдээллийн холбогдох эх сурвалжуудыг мэдэх боломжтой. Виз эсвэл оршин суух зөвшөөрөл авахад тавигдах шаардлага нь таны харьяалалаас хамаарна гэдгийг анхаарна уу. Тиймээс Австри улс юмуу өөрийн улсын холбогдох эрх бүхий байгууллагаас мөрдөх ёстой заалтуудыг асуж тодруулах хэрэгтэй.
- ЕХ болон Европын Эдийн Засгийн бүсийн гишүүн орны иргэд, мөн Швейцарийн иргэд визгүй нэвтрэх эрхтэй байдаг бөгөөд виз, оршин суух зөвшөөрөл шаарддаггүй. Австри улсад гурван сараас дээш хугацаагаар оршин суух бол эдгээр оюутнууд зорчин ирснээс хойш дөрвөн сарын дотор оршин суух зөвшөөрөл хариуцсан албанд (мужийн засаг дарга, магистрат, дүүргийн захиргаа зэрэг) бүртгүүлж, бүртгэлийн хуудас авах ёстой.
- Хэрэв та ЕХ болон Европын Эдийн Засгийн бүсийн гишүүн орны, эсвэл Швейцарийн иргэн биш бөгөөд гуравдагч улсын иргэн бол Австри улсад зорчих, суралцахын тулд С ангилал (90 хүртэлх хоног), D ангиллын (180 хоног хүртэл хугацаагаар оршин суух) виз, эсвэл оюутны оршин суух зөвшөөрөл (зургаан сараас дээш хугацаагаар байх) мэдүүлэх шаардлагатай.
Эртнээс бэлтгэлээ эхлээрэй!
Визийн мэдүүлгийг эртнээс бэлдэж эхлэхийг зөвлөж байна (төлөвлөж буй нэвтрэх хугацаанаас гурван сарын өмнө). Хүсэлт гаргахад шаардлагатай бүх бичиг баримт бэлэн болох хүртэл хэсэг хугацаа шаардагдана.