Герман улсад дунд мэргэжил эзэмших хүсэлтэй гадаадын иргэн нь тодорхой нөхцөл, шалгуур хангасан байх ёстой. Гэхдээ энэ нь сонсогдож байгаа шигээ төвөгтэй биш учир санаа зовох хэрэггүй. ЕХ-ны болон ЕХ-ны бус орны иргэд тус улсын хилээр нэвтрэхэд ямар ялгаатай байдаг хийгээд виз болон оршин суух зөвшөөрөл зэрэг оршин суух зөвшөөрлийн статусын талаар дор тайлбарлах болно. Мөн герман хэлний ямар түвшний мэдлэгтэй байх, хэрхэн өргөдөл, хүсэлт гаргах, байр, орон сууц хайх зэрэг чухал сэдвээр танд хэрэгтэй зөвлөгөөг хүргэх болно. Зургаахан алхамаар та Герман улсад эзэмшихийг хүсэж буй мэргэжлийн сургалтандаа хамрагдах боломжтой.
Германы дунд мэргэжил эзэмшүүлэх сургалтын систем
ХБНГУ-д дунд мэргэжил эзэмшихэд төрөөс хүлээн зөвшөөрөгдсөн 250 гаруй мэргэжлийн сургалтаас сонголт хийх боломжтой. ХБНГУ-д дунд мэргэжил эзэмшүүлэх сургалтын хоёр загвар байдаг ба нэг дэх нь танхим, үйлдвэрлэлийн сургалт хосолсон, хоёр дахь нь танхимын сургалт болно.
Хосолсон сургалт нь ихэвчлэн гурван жил, танхимын сургалт ерөнхийдөө хоёр жил үргэлжилдэг. Хэрэв амжилттай суралцвал сургалтын үргэлжлэх хугацааг хэдэн сараар богиносгож ч болно.
Хосолсон сургалт
Хосолсон сургалт нь онолын мэдлэг, дадлага туршлагыг хослуулдаг бөгөөд онолын мэдлэг эзэмшихийн тулд долоо хоногт 1-2 удаа эсвэл блокоор танхимын сургалтанд хамрагдана. Мэргэжлийн сургалтын үлдсэн хугацаанд аль нэг байгууллагад дадагажин ажиллаж, сурч мэдсэнээ бодит байдал дээр ашиглах болно. Онол, дадлага хосолсон Германы мэргэжлийн сургалт нь дэлхий дахинд цор ганц өвөрмөц тогтолцоо бөгөөд танд мэргэжлийн суурийг маш сайн тавьж өгөх бөгөөд амжилттай сурч төгсөөд мэргэжлээрээ шууд ажиллаж эхлэх боломжтой болно.
Хосолсон сургалтын явцад аль нэгэн байгууллагад ажиллаж, шууд тогтмол цалинтай болно. Сард хамгийн багадаа 550 евроны бохир цалин авах ба дийлэнхдээ үүнээс ч илүү цалин авна. Германд дунд мэргэжил эзэмших сургалтын эхний жилд дунджаар 835 евроны цалин авах ба курс ахих тусам 80 еврогоор нэмэгддэг.
Герман улсад ирэхэд тавигдах шаардлага
Хэрэв германы иргэншилгүй боловч ЕХ-ны Швейцарь, Лихтенштейн, Исланд эсвэл Норвеги улсын иргэн бол Герман руу нэвтрэхэд асуудалгүй. Өөрөөр хэлбэл, виз, оршин суух зөвшөөрөл хэрэггүй. Хэрэв оршин суугаа газраа сольж нүүсэн бол, шилжин суурьшсан газрынхаа иргэд, оршин суугчдын бүртгэлийн албанд бүртгүүлэхэд хангалттай.
Хэрэв ЕХ-ны гишүүн орны иргэн биш, өөрөөр хэлбэл гуравдагч орны иргэн бол Герман руу нэвтрэн ороход виз шаардлагата бөгөөд эх оронд чинь байгаа Германы дипломат төлөөлөгчийн газарт визийн хүсэлт гаргаж болно. Виз мэдүүлэхийн тулд дараах шаардлагыг хангаж байх ёстой.
· Германд сургалтын дадлага хийх байгууллагатай байгуулсан дунд мэргэжлийн сургалтанд хамрагдах гэрээ эсвэл Холбооны Хөдөлмөр эрхлэлтийн агентлагийн зөвшөөрөл
· Оршин суух хугацаанд хангалттай хүрэлцэх санхүүгийн баталгаа
ЗӨВЛӨГӨӨ
“Мэргэшсэн ажилчдын цагаачлалын тухай хууль” 2020 оноос 3-р сараас эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд дунд мэргэжлээр суралцуулах сургууль хайхын тулд 6-9 сарын хугацааны виз мэдүүлж болно гэжээ. Энэ хугацаанд өөрт тохирсон сургалт олох зорилгоор долоо хоногт 10 хүртэл цагийн дадлага хийж болно. Гэхдээ энэ хугацаанд нийгмийн халамж авахгүй бөгөөд амьжиргаагаа өөрөө санхүүжүүлэх боломжтой байх ёстой.
1.Сургууль төгссөн гэрчилгээ
Дадлагажуулан ажиллуулах зөвшөөрөл өгөхөөсөө өмнө дадлагажуулан суралцуулах Герман дахь сургалтын байгууллага нь ямар сургууль төгссөн гэрчилгээтэй болохыг чинь мэдэх ёстой. Иймд гэрчилгээг хүлээн зөвшөөрөх эсэхийг тодруулж, баталгаажуулсан байх ёстой. Сургууль төгссөн гэрчилгээг хүлээн зөвшөөрүүлэх, магадлуулах талаар нэмэлт мэдээллийг "anabin" гадаадын сургуулийн төгсөлтийн мэдээллийн порталаас авах боломжтой.
ХБНГУ-д дунд мэргэжлээр суралцахад заавал тийм сургууль төгссөн байх шаардлагатай гэдэггүй бөгөөд байгууллага өөрсдөө шийддэг. Ихэвчлэн дор хаяж ахлах сургууль төгссөн гэрчилгээ шаарддаг.
2.Герман хэлний мэдлэг
Германы том хотуудад англи хэлтэй бол сайн ойлголцох боломжтой боловч герман хэлний анхан шатны мэдлэгтэй байх ёстой. Ямар ч тохиолдолд тухайн улсад оршин суухтай холбоотой үйл ажиллагаагаа зохион байгуулах зэрэгт албан газруудаар явах, ойлголцох шаардлага гарна.
Германд дунд мэргэжлээр суралцахад дийлэнхдээ В1 түвшний герман хэлний мэдлэг шаардлагатай байдаг. Худалдаа арилжаа эсвэл сувилахуйн чиглэлийн мэргэжлээр сурах бол бүр B2 түвшний мэдлэгтэйгээ нотлох хэрэгтэй. Хэлний мэдлэгээ батлахын тулд Европын хэлнүүдийн нэгдсэн стандартын шалгуурт нийцсэн сертификаттай байх шаардлагатай.
ЗӨВЛӨГӨӨ
Зарим мэргэжлийн хувьд тухайн мэргэжлийн чиглэлийн мэдлэгтэй байх шаардлагатайг санаарай, жишээ нь: Microsoft Office программууд г.м.
3.Санхүүжилт
Суралцах хугацаандаа амьжиргааны зардлаа өөрөө хариуцах чадвартай байх ба байрны түрээс болон бусад зардалд сард доод тал нь 600-700 евро төлөвлөх хэрэгтэй. Хэрэв хосолсон сургалтанд хамрагдвал багцаагаар энэ зардлыг нөхөх хэмжээний тогтмол цалин авах болно. Хэрэв танхимын сургалтанд суухаар шийдсэн бол ихэнх тохиолдолд цалин өгөхгүй бөгөөд амьжиргааны зардлаа өөр хэлбэрээр санхүүжүүлэх чадвартай байх ёстой.
4.Байр, орон сууц
Амьдрах орон сууц, байртай гэдгээ нотлох хэрэгтэй. Байр, орон сууц хайхад герман хэлний мэдлэг давуу тал болно. Германы орон сууцны зах зээл зарим талаар өрсөлдөөн ихтэй байдаг. Тиймээс байр, орон сууц олоход тийм ч амар биш гэдгийг мэдэж байх хэрэгтэй.
5.Эрүүл мэндийн даатгал
Ингэсний дараа гадаад иргэдэд зориулсан хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулах шаардлагатай болно.