Сайн байна уу,
Миний Герман улсад ирсэн сэтгэгдэл
1. Анх таньдаг хүнээсээ Герман улсруу явах таатай боломж байдгийг олж мэдэж байлаа. Тэгээд эхэндээ бол яг хүүхэд асрагчаар явна гэдэгтээ итгэлгүй, тэр талаар буруу ойлголттой байсан. Монголд ийм үйлчилгээ тийм ч түгээмэл биш байдгаас болсон байх. Тэгээд явах талаараа бараг 2 жил бодсон байх. Гэхдээ одоо бол ирсэндээ үнэхээр баярладаг. Хаяа тэр үед хурдан шийдээд эртхэн ирэхгүй яавдаа гэж боддог. Мөн ойр тойрны гадагшаа явахыг хүссэн хүмүүсдээ их боломж байдаг шүү гэдгийг үргэлж хэлж, боломжтой бол бүгдийг нь л авчирахыг хүсдэг
2. Явахаасаа өмнө яагаад ч юм арай өөрөөр өндөр өндөр барилгууд төсөөлж ирсэн. Гэхдээ ирээд төсөөлснөөс өөр байсан. Манай Зочин айл маань бүр хөдөө тосгонд ой модон дунд амьдардаг байсан учир гадаадад ирсэн гэх төсөөлөл маань талаар болсон. Хэцүү зүйлүүд гэвэл эхний ээлжинд хэлний бэрхшээл, соёлын ялгаа байлаа. Мөн ийш тийшээ ганцаараа явахад сандрах гэх мэт. Гэхдээ ямар ч зүйл эхэндээ хэцүү санагддаг. Дөнгөж ирээд айлын маань хүүхэд уйлаад дуугай болохгүй ойлголцож чадахгүй шантраад, би хаана ирчвээ ч гэж бодож байлаа. Аз болоход айлын маань аав ээж, эмээ өвөө нар нь үнэхээр сайхан хүмүүс байдаг учир төвөггүй учираа олж намайг ойлгож бас тусалж байсан. Би ч ирээд бүх зүйлд сэтгэлээсээ хандаж буцаагаад маш их сэтгэлийг авсан. Хамгийн сайхан тохиолдсон зүйл маань гэвэл би зочин айлтайгаа яг нэг гэр бүлийн гишүүн шиг нь, том эгч шиг нь болсон. Айлаасаа нүүгээд 2 жил гаран болж байгаа ч би одоо болтол байнга зочилж очдог. Бүгд л надруу залгаад хэзээ ирэх вэ гээд л асуудаг.
3. Залуу хүний хувьд харахад энд өсөж дэвжих боломжууд маш их байдаг. Сурах боломжууд маш их. Хамгийн гол нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг үнэгүй шахуу олж авдаг. Тэгээд цаашдаа эндээ үлдэж ажиллаж амьдрах боломжтой.
4. Герман хэл сурах тал дээр эхний ээлжинд үлгэрийн номнуудыг чангаар дуудаж уншдаг байсан. Үгнүүдтэй танил болохоос гадна дуудлага сайжирдаг. Тэгээд мэдээж айхгүй ярих. Герман хүмүүстэй эхлээд ярихдаа хэрэв би буруу ярьвал миний алдааг засаж өгөөрэй гэж хүсдэг. Энд маш олон гадаад хүмүүс өөр өөрийхөө сурснаар ярьдаг учир герман хүмүүс ихэнхдээ юу гэж хэлэх гээд байна вэ гэдгийг ойлгодог, тэгээд хаана буруу ярьж вэ хаяа мэддэггүй. Мөн кино үзэх, ном их уншдаг. Ихэвчлэн өглөө оройдоо ажилдаа явахдаа метро юмуу автобусанд байнга ном уншдаг. Мөн YouTube дээр Easy German гээд богино бичлэгүүдийг үздэг. Доор нь англи болон герман хадмалтай байдаг нь их таалагддаг. Тэгээд бууж өгөлгүй тууштай байхад л болнодоо. Монголд Натуршуц-д сурсан дүрмийн мэдлэгийг маань энд анх ирээд герман хэлний багш маань бүр гайхаж байсан. Тэр үед надад чи хэдэн жил Герман дүрэм сурсан юм бэ, бараг заах юм олдох нь уу, яриагаа л одоо сайжруулах хэрэгтэй юм байна гэж байсан. Угаасаа Монголд байхдаа хэлээ сайн гайгүй сураад ирвэл, энд ирээд амар санагдсан.
5. Чөлөөт цагаараа найзуудтайгаа хамт очиж үзээгүй газар луугаа очиж үзэхийг боддог. Ирээд тааруулаад хямд аялах боломжтой. Үүргэвчээ үүрээд өдөр бүр өөр улсын өөр хот үзэх ч боломж байдаг. Ирснээсээ хойш Герман, Франц, Италийн хэд хэдэн хотуудаар, Чех, Австри, Испани, Швецарь зэрэг улсуудаар аялсан.
6. Герман хүмүүс их чөлөөтэй, нээлттэй, цаг яс баримталдаг, зарчимч, бие даасан, тооцоотой, жаахан хүйтэн хөндий, серёзны хүмүүс санагддаг. Эрх, үүргээ сайн мэддэг хүмүүс учир эрх нь хаана яаж зөрчигдөж байгааг мэдэж түүнийхээ төлөө тэмцдэг. Мөн үүргээ ч сайн биелүүлдэг хүмүүс шиг санагддаг. Юманд маш их шүүмжтэй, шүүлтүүртэй ханддаг. Монголчуудыг бас аливаа нэг зүйл, мэдээ мэдээлэлд шүүлтүүртэй, шүүмжлэлтэй хандаж байгаасай гэж боддог.
7. Германы хамгийн таалагддаг баяр нь Зул сарын баяр нь. Энэ өдрүүдэд хот болгонд зул сарын баярын худалдаа гардаг. Зул сарын баярын худалдааг халуун виногүйгээр төсөөлөшгүй. Мөн хүн бүр дотны хүмүүсрүүгээ баярын ил захидал явуулдаг нь их таалагддаг.
Би Аусбилдунгаа арай төгсөөгүй байгаа. Богиносгож чадвал ирэх өвөл төгсөнө.
Та бүхэн Герман улсад хүссэн мэргэжлээрээ Аусбилдунгаа хийх боломж 2020 оны 3 сарын 1нээс нээлттэй болсон. Мэдээж Герман хэлний өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Соёлын солилцооны хөтөлбөрөөр орчин герман хэлийг сурах нь маш олон давуу талтайг миний захианаас харсан байх гэж найдаж байна.
Амжилт хүсье.
О. Уянга
Герман улсаас, 2016 оны хөтөлбөрийн оролцогч