Герман улсад ажиллаж амьдарч байгаа Анударь маань оролцож байна

Ихийг хийж бүтээх, шинэ сонин зүйлсийг таньж мэдэн шинэ орчин, шинэ хүрээлэл дунд амьдарч амьдралын туршлага, мэдлэг чадвар хуримтлуулж байгаа залуус маань Герман улсад байх хугацаандаа үзсэн харсан, сурсан зүйлсээ дараа дараагийн Монголоос ирэх залуустайгаа хуваалцдаг билээ.  

‘Weg zur Ausbildung’ – “Мэргэжилд хөтлөх зам” блог мэдээ булангийн анхны цахим зочноор манай соёлын солилцооны хөтөлбөрөөр Герман улсад ажиллаж амьдарч байгаа Анударь маань оролцож  байна. 

№ 21/01 дугаар

  1. Өөрийгөө танилцуулна уу.

Намайг Анударь гэдэг. Би 21 настай, хувцас дизайн чиглэлээр суралцдаг. Герман улсад өнгөрч 2020 оны 6 дугаар сард хүрэлцэн ирээд бараг 10 гаруй сар болсон байна.

  1. Яагаад Герман улсыг зорих болсон бэ? Ямар зорилго тээн очсон бэ? Анх очиход хэр таалагдсан бэ? Монголд байхдаа төсөөлж байснаас өөр байсан уу?

Герман орныг өндөр хөгжилтэй, дээд боловсрол нь үнэ төлбөрүй, мөн үргэлжлүүлэн тэтгэлэгт цалинтэй мэргэжлийн боловсрол эзэмшихэд нээлттэй гэж сонсоод зорьж ирсэн. Герман улс Европын орон учир Шенгений орнуудаар Германыхаа визтэй аялах, өөр шинэ газар орон үзэх боломжтой сонсоод их сайхан санагдсан.

Германд маш эмх цэгцтэй, гудмж талбай нь цэвэрхэн, тэр чигтээ ногоон байгууламж маш их модтой нь маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн.

  1. Германд амьдрахад хамгийн таатай сайхан зүйл нь юу байв, хамгийн хэцүү хүнд зүйл гэвэл юуг хэлэх вэ?

Эрүүл амьдралын хэв маяг, аливаад хариуцлагатай хандах, бусадтай зөв боловсон харьцах зэрэг маш таатай санагдсан. Хамгийн чухал нь энд ирээд хүн өөрөө өөрийгөө танин мэдэх, зорилго илүү бодьтойгоор харж чадсан. Харин гэр бүлээ санадаг үе их байсан. Мөн монголоо хоолоо их үгүйлсэн. Одоо бол аль хэдийн орчиндоо дасан зохицож амьдарч байна.

  1. Бид хичээж чадвал олон боломж дэлхий дээр байна гэж хэлдэг. Ер нь Германд сурч ажиллах, амьдрах боломж хэр байна вэ?

Герман хэлний хангалттай сайн мэдлэгтэй бол бүхий л боломж маш нээлттэй юм байна. Мэдээж шууд их сургуулиар ирэхээр зорьж байгаа залуус хувьд санхүүгийн боломжоо сайн тооцоолох, цаг хугацаа эртнээс төлөвлөх нь нэн чухал хэрэгтэй.

  1. Герман хэлээ хэр сайжруулсан бэ? Хэлний бэлтгэл, дамжаанд суралцахад яах ёстой байдаг вэ? Бидэнд зөвлөвөл? Хичээлийн хэдэн өдөртэй вэ?

Би яг коронагийн үеэр ирсэн учраас танхимын сургалт хаалттай. Тиймээс онлайнаар А2, В1 төвшиний герман хэллний курст суралцаад амжсан. Гадаад хэл сурах нь хувь хүний хичээлт чармайлт шалтгаалах учраас танхимаар сурах эвсэл онлайнаар сурах надад ялгаагүй санагдсан. Миний хувьд дан дүрэм үзэхээс гадна ном их уншиж, кино үзэж мөн аль болох их ярихыг хичээсэн. Эхэндээ мэдээж ярих тал дээр асуудал үүсч, буруу зөрүү ярихаас эхлээд. Тэгсэн ч ичиж зовохгүйгээр байнга ярих оролдлого хийж байгаарай гэж зөвлөмөөр байна.

  1. Хичээлээс гадуурх чөлөөт цаг хэр их байдаг вэ. Чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байсан дурсамжаасаа хуваалцвал? Амралтын өдрүүдийг яаж өнгөрөөж байна?

Би Бямба, Ням гарагт амардаг. Чөлөөт цагаараа ихэвчлэн дугуйтайгаа ойрхон байдаг жижиг хотуудаар аялах дуртай. Мөн Герман хэл дээр кино үзэж, монгол хоолоо хийж амралтын өдрөө сайхан өнгөрөөдөг.

  1. Хөрш зэргэлдээ улс хот руу аялал хийх боломжтой байдаг гэж байсан. Хаашаа хаашаа явсан бэ? Аялаж амжсан уу?

Би одоогоор Итали, Австри улс руу аялаад амжсан. Коронагийн үе ч гэсэн маскаа зүүгээд сайхан байгаль, үзэсгэлэнт газруудаар аялаж шинэ улс оронтой танилцаад амжсандаа баяртай байна. Цаг сайхан болохоор аялахаар төлөвлөж байна.

  1. Герман хүмүүсийн амьдралын хэв маяг, зан төлөв ямархуу санагдсан бэ? Тэдэнтэй хамт амьдарч, ажиллаж сурч хөгжихөд боломжтой юу?

Германчууд бүх зүйлсийг эртнээс маш сайн төлөвлөж хийдэг хүмүүс, мөн эртэч, маш хариуцлагатай, боловсон эелдэг харилцаатай гэж би хувьдаа дүгнэнэ. Гэхдээ эхэндээ энэ зангууд нь төвөгтэй юм шиг санагддаг байсан. Мэдээж “Усыг нь уувал ёсыг дагана” гэдэгчлэн. Одоо бол ямар асуудалгүй харин би хувь хүнийхээ хувьд маш өндөр хариуцлагатай байж, аливааг маш сайн төлөвлөж, ирээдүйн зорилгоо илүү бодитойгоор харж байна.

  1. Герман үндэсний баяруудад олон оролцсон уу? Баяр ёслолыг яаж тэмдэглэдэг юм байна? Ямархуу байдаг вэ?

Миний хувьд Шинэ жилийн баяр хамгийн их таалагдсан. Монголд тэмдэглэдэгээс илүү өргөн хүрээнд маш гоё баярладаг. Монголын цагаан сарын баяртай төстэй гэр бүлээрээ, ах дүүс, эгч дүүс цуглан баярладаг хүндэтгэлтэй баяр санагдсан.

  1. Энэ хөтөлбөрөө дуусгаад цаашдаа ямар зорилготой байна. Өөр хөтөлбөрт хамрагдах уу?

Би Соёлын солилцоогоо дуусгаад Нийгмийн сайн дурын жил хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж байна. Ер нь Аусбилдунг хийх төлөвлөгөөтэй. Үүний тулд эхлээд нийгмийн сайн дурын жилд хамрагдахаар шийдсэн. Энэ нь маш олон давуу талтай юм байна лээ. Ажил мэргэжлийн баримжаа олгоно, өөрийгөө сорьж үзнэ, ямар мэргэжил илүү тохирохоо мэдээд авна дээр нь Герман хэлний мэдлэгээ бүр дээшлүүлж В2 төвшиндөө суралцаж шалгалтаа өгөхөөд шууд тэтгэлэгт цалин авч суралцах Аусбилдунг суралцахаар өргөдөл гаргахад бэлэн болно.

  1. Монголоос шууд Аусбилдинг юм уу сайн дурын ажил хийх хөтөлбөрт хамрагдахаар хөөцөлдвөл бэрхшээл байна уу?

Нилээдгүй бэрхшээлтэй санагдсан. 1. Наад зах нь Герман хэлний В2 мэдлэгийг бүрэн гүйцэт суртал нилээдгүй хугацааг Монголдоо зарцуулна. 2. Ирээд шууд сайн дурын ажил хийхэд соёлын ялгаанаас үүдэн хурдан дасан зохицоход хугацаах бага. Нэг ёсондоо чамайг хэзээ нэг ажилдаа дасах, мөн баг хамт олонтойгоо бүрэн ойлголцохыг хүлээгээд байх цаг хугацаа энэ сайн дурын нийгмийн байгууллагуудад байхгүй. 3. Монголоос ирэхэд мөнгө санхүүгийн хувьд нилээдгүй зардал гарах байх гэж харж байна. Гэхдээ та өөрөө хичээх юм бол болохгүй бүтэхгүй зүйл байхгүй.

Мөн цаашаа сурахад шаардлагатай бичиг баримтаа монголдоо бүрэн орчуулж, оригналь эх хувийн хамт бэлдэж авч явах хэрэгтэй.

  1. Төгсгөлд нь асуухад Германд улсад сурч ажиллах хүсэлтэй залууст юу анхаарч юу мэдвэл зохистой гэж бодож байна?

Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд хэрэв та соёлын солилцооны хөтөлбөрийнхөө дараа цаашаа Аусбилдунг хийх төлөвлөгөөтөй бол сарын халаасны мөнгөө сайн хуримтлуулж дараа дараагийн хөтөлбөрийн наад захын хэрэглээний зардлаа санхүүжүүлэх боломжтой байх хэрэгтэй. Эцэст нт хэлэхэд ер нэг өөрийгөө сориод үзэхэд алдах юм байхгүй шүү гэж хэлмээр байна. За тэгээд бүгдэд нь амжилт хүсье.

2021-03-30

‘Weg zur Ausbildung’ – “Мэргэжилд хөтлөх зам”  блог мэдээ булангийн зочин Анударьдаа цаашдын зорилгод өндөрөөс өндөр амжилт хүсье.