Ихийг хийж бүтээх, шинэ сонин зүйлсийг таньж мэдэн шинэ орчин, шинэ хүрээлэл дунд амьдарч амьдралын туршлага, мэдлэг чадвар хуримтлуулж байгаа залуус та бүгд маань Герман улсад дурсамж дүүрэн амьдарч байгаа гэдэгт итгэлтэй байна. Энд байх хугацаандаа үзсэн харсан, сурсан зүйлсээ хойч үе, залуустайгаа дуртайяа хуваалцана гэдэгт итгэж байна.
‘Weg zur Ausbildung’ – “Мэргэжилд хөтлөх зам” блог мэдээ булангийн цахим зочноор манай соёлын солилцооны хөтөлбөрөөр Герман улсад ажиллаж амьдарч байсан Герман хэл судлалаар сурдаг оюутан Булгансор маань оролцож байна.
№ 21/02 дугаар
Өөрийгөө танилцуулна уу
Сайн байна уу, намайг Булгансор гэдэг. Би герман хэлний чиглэлээр МУИС-д суралцдаг. АУ-Пайр хөтөлбөрт хамрагдаж өнгөрсөн 10-р сард ХБНГУ руу яваад эргэж ирсэн.
Яагаад Герман улсыг зорих болсон бэ? Ямар зорилго тээн очсон бэ? Анх очиход хэр таалагдсан бэ? Монголд байхдаа төсөөлж байснаас өөр байсан уу?
Анх 2-р курсээ төгсөөд явахаар шийдсэн. Тухайн улсын ахуй амьдрал, соёлтой танилцангаа хэлний мэдлэгээ сайжруулах нь явах болсны хамгийн гол шалтгаан байсан. Германд миний амьдарч байсан газар Тайхлосэн гэдэг нэртэй, 49 хүн оршин суудаг жижигхэн тосгон байсан юм. Энэ нь надад германы амьдралыг илүү ойроос харж, “герман хүмүүстэй” ойртон танилцах боломж олгосон.
Герман улсад амьдрахад хамгийн таатай сайхан зүйл нь юу байв, хамгийн хэцүү хүнд зүйл гэвэл юуг хэлэх вэ?
Амар тайван, байгальтайгаа ойр амьдрах нь зөвхөн улаанбаатарт л амьдардаг байсан миний хувьд хамгийн сайхан нь байсан.
Ер нь Герман улсад сурч ажиллах, амьдрах боломж хэр байна вэ?
Герман улс ЕХ-ны улсуудаас хамгийн нээлттэй нь яахын аргагүй мөн гэж би боддог. Сурах чиглэлээ яг сонгочихсон, хангалттай хэлний мэдлэгтэй л бол хүндрэлтэй зүйл нэг их тохиолдохгүй байх гэж бодож байна.
Герман хэлээ хэр сайжруулсан бэ? Хэлний бэлтгэл, дамжаанд суралцахад яах ёстой байдаг вэ? Бидэнд зөвлөвөл? Хичээлийн хэдэн өдөртэй вэ?
Миний хувьд танхимын болон цахим сургалтыг хослуулсан гэж хэлж болно. Lingoda гэж цахим сургалт байдаг. Хамгийн анх очиход Герман дахь АУ-Пайр агентлагаас сар бүр тодорхой хувийн хөнгөлөлттэй суралцах эрх бүхий код өгч байсан. Volkshochschule дээр жилд хоёр л удаа элсэлт авна гэсэн учраас 2-р сар хүртэл хүлээлгүйгээр цахимаар хичээлээ үзэж эхэлсэн. Сар бүр 5, 15, 20 гэх мэт хичээлийн цагаа сонгоод, хичээл хийх долоо хоногийн өдөр, цаг мөн хичээлийн сэдвээ сонгоод үздэг. Анги дүүргэлтийн хувьд дээд тал нь 5 сурагч байдаг. Мэдээж хичээлийг унаган герман хэлтэй багш нар заадаг. Дэлхийн өнцөг булан бүрээс онлайнаар холбогдоод хамтдаа сурч байсан учраас өөр өөр хэл соёлтой хүмүүсийн сурах арга барилаас давхар суралцах боломжтой байсан. 2 сараас VHS дээр танхимын сургалтанд хамрагдсан. Хичээл долоо хоногт 2 удаа 2 цагаар ордог. Тэнд зөвхөн хэлний сургалтаас гадна хоолны эсвэл иогийн гэх мэт олон төрлийн сургалтууд байдаг учраас тиймэрхүү сургалтанд сууж герман танилуудтай болох нь илүү давуу талтай санагдсан.
Хичээлээс гадуурх чөлөөт цаг хэр их байдаг вэ. Чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байсан дурсамжаасаа хуваалцвал? Амралтын өдрүүдийг яаж өнгөрөөж байна?
Би зочин айлтайгаа ярилцаад долоо хоногийн янз бүрийн л өдрүүдэд амарч байсан. Ажлын өдрөөр амарч таарвал ийш тийшээ явна. Тухайн очсон хотынхоо эсвэл тэр бүс нутгийнхаа аялалын цэгүүдийг багтаасан нэг ном олоод авчихвал зүгээр санагдсан. Амралтын өдрөөр амарч таарвал найзыгаа гэртээ урина эсвэл найзыхаараа зочилно. Заримдаа зочин айлтайгаа хамт цагийг өнгөрөөдөг байсан.
Хөрш зэргэлдээ улс хот руу аялал хийх боломжтой байдаг гэж байсан. Хаашаа хаашаа явсан бэ? Аялаж амжсан уу?
Би Германы олон хотуудаар аялсан. Мөн Дани улс руу явсан.
Герман хүмүүсийн амьдралын хэв маяг, зан төлөв ямархуу санагдсан бэ? Тэдэнтэй хамт амьдарч, ажиллаж сурч хөгжихөд боломжтой юу?
Герман хүмүүс их шулуун шударга зантай. Ямар нэгэн асуудлыг шууд тэр дор нь хэлээд, хоорондоо ярилцан засч залруулаад явдаг нь надад их таалагдсан. Зохион байгуулалт, юмыг төлөвлөгөөнд оруулах тал дээр тэднээс их зүйл суралцна гэж бодож байна.
Герман үндэсний баяруудад олон оролцсон уу? Баяр ёслолыг яаж тэмдэглэдэг юм байна? Ямархуу байдаг вэ?
Зул сарын баярыг хамгийн их ач холбогдол өгч, өргөн хүрээтэй тэмдэглэдэг. Хэдий өвөл ч гэсэн зул сарын баяр хүртэлх 24-н хоног жилийн хамгийн дулаахан уур амьсгал бүрдсэн үе шиг санагдсан. Улаан өндөгний баярыг бас сайхан тэмдэглэсэн. Цар тахлаас болоод 5 сард болох байсан бүс нутгийн холбогдолтой соёлын арга хэмжээнүүд цуцлагдсан нь их харамсалтай зүйл болсон.
Энэ хөтөлбөрөө дуусгаад цаашдаа ямар зорилготой байна. Өөр хөтөлбөрт хамрагдах уу?
Их сургуулиа төгссөөд дахин явах төлөвлөгөөтэй байгаа.
Монголоос шууд аусбилдунг юм уу сайн дурын ажил хийх хөтөлбөрт хамрагдахаар хөөцөлдвөл бэрхшээл байна уу?
Болохгүй зүйл байхгүй байх. Тэнд байгаа хүмүүс аль болох хурдан шинэ ажилтанаа авахыг эрмэлздэг болохоор Германд байгаа хүмүүст илүү давуу талтай юм байна гэж харагдсан. Гэхдээ герман хэлээр чөлөөтэй харилцдаг дээрээс нь бараг жил орчмын өмнөөс төлөвлөөд хөөцөлдөж эхлэвэл хугацаандаа амжих байх. Аусбилдунгийн хувьд чиглэлээсээ шалтгаалаад янз бүр байдаг ч ихэвчлэн 7-10 сард шинэ хүмүүсээ элсүүлдэг юм байна лээ.
Төгсгөлд нь асуухад Герман улсад сурч ажиллах хүсэлтэй залууст юу анхаарч юу мэдвэл зохистой гэж бодож байна?
Монгол хэл, соёлынхоо талаар ихийг судалсан, сайн мэддэг байх нь чухал санагдсан. Учир нь монголынхоо талаар гадны хүмүүст танилцуулж ярихад хэрэгтэй.
Манай цахим буланд зочноор оролцож өөрийн сэтгэгдэл, туршлагаа харамгүй хуваалцсан чамд цаашдын сурлагад чинь өндөрөөс өндөр амжилт хүсье.
2021.04.01