Герман улсад ажиллаж амьдарч байсан Энхжин маань  оролцож  байна. 

Ихийг хийж бүтээх, шинэ сонин зүйлсийг таньж мэдэн шинэ орчин, шинэ хүрээлэл дунд амьдарч амьдралын туршлага, мэдлэг чадвар хуримтлуулж байгаа залуус маань Герман улсад байх хугацаандаа үзсэн харсан, сурсан зүйлсээ дараа дараагийн Монголоос ирэх залуустайгаа хуваалцдаг билээ.  

‘Weg zur Ausbildung’ – “Мэргэжилд хөтлөх зам” блог мэдээ булангийн цахим зочноор манай соёлын солилцооны хөтөлбөрөөр Герман улсад ажиллаж амьдарч байсан Энхжин маань  оролцож  байна. 

№ 21/04 дугаар

Өөрийгөө танилцуулна уу

Сайн байна уу,

Намайг Энхжин гэдэг. Миний  хувьд өөрийгөө гадаад яваад тэндээ үлдээд сурна гэж төсөөлж байгаагүй монголдоо амьдарна л гэж боддог байсан юм. Гэнэт гадаад явахаар шийдээд хаашаа аль улс руу явбал дээр бол, сургууль, ажил төрөл зэргийг нь судалж эхэлсэн. 

Яагаад Герман улсыг зорих болсон бэ? Ямар зорилго тээн очсон бэ? 

Ингэж байгаад Герман улсад сурах боломжтой, аюулгүй байдал сайн, герман хэлийг маш сайн сурах боломжтой АУПАЙР хөтөлбөрийг олж мэдсэн юм. Тэгээд Натуршутц байгууллагатай танилцаж уулзаж зөвлөгөө мэдээлэл авснаар Герман явах аялал минь эхэлсэн.

Би Герман улсад ирсэндээ мөн энэ байгууллагатай холбогдсондоо маш их баяртай байдаг. Миний амьдралд том хөрөнгө оруулалт болсон гэж бодож байна.

Монголд байхдаа төсөөлж байснаас өөр байсан уу?

Герман ирэхээсээ өмнө их юм төсөөлөөгүй л дээ. Яагаад гэвэл хэт их сайхнаар төсөөлөөд очсоны дараа бодсоноос өөр байх вий гэж бодоод сэтгэл зүйгээ маш сайн бэлдсэн. Мэдээж дэлхийн томоохон орнуудын нэгийг зорьж байгаа учраас их хүлээлттэй байсан.

Ингээд Германд газардахад хүлээн авагч айлын маань ээж намайг онгоцны буудлаас тосож аваад гэр хүртлээ 3 цаг машинаар хамт явсан. Бид замдаа танилцаж ярилцаж явсан нь миний хувьд анх удаа гадаад хүнтэй тэгж удаан ярилцсан тохиолдол байлаа. Удалгүй  шинэ гэртээ ирснээр Герман дахь амьдрал эхэлсэн юм. 

Герман улсад амьдрахад хамгийн таатай сайхан зүйл нь юу байв, хамгийн хэцүү хүнд зүйл гэвэл юуг хэлэх вэ?

Бидний өглөө зөөлөн инээмсэглэл, бие биетэйгээ найрсаг мэндэлснээр эхэлдэг. Ингээд хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөд хүртэл хүн бүр инээмсэглэн мэндчилдэг бол орой нь аав ээж ажлаасаа тарж ирээд бид хамтдаа  2 цаг гаруй  сонин сайхан яриад суудаг байсан.

Миний амьдарч буй хот жижиг хот учраас хүмүүс нь их найрсаг санагдсан. Хүмүүс удаан хамт байж нэг нэгнээ таньдаг шүү дээ. Намайг анх очиход айлын маань хүмүүс элгэмсэг дотно байсан. Одоо ч тэр хэвээрээ. Миний хувьд зочин аав ээж , хүүхдүүд гээд бүгд  2 дахь гэр бүл минь болсон. Би маш их баяртай байгаа.

Ер нь Герман улсад сурч ажиллах, амьдрах боломж хэр байна вэ?

Гадаадад сураад амьдрах гэдэг тийм амар зүйл биш гэдгийг би ойлгосон. Гэхдээ тухайн хүн өөрөө ямар нэгэн  зорилгыг өвөртлөн ирсэн бол тэрнийхээ төлөө хичээвэл боломжууд асар их байдаг юм байна лээ. Хамгийн чухал нь герман хэлээ энд ирээд маш сайн эзэмшиж чадвал АУ ПАЙР хөтөлбөрийнхөө дараа сурах үлдэх боломж их байна. Гэхдээ хүн бүрийн нөхцөл байдлаас шалтгаалаад  өөр өөр  байдаг. Германд ирэхээсээ өмнө шаардагдах материалуудаа судлаад авч ирэх, цагаа маш сайн төлөвлөх хэрэгтэй. Магадгүй Ausbildung хийх гэж байгаа бол эртнээс судлах бүртгүүлэх мөн хэлний мэдлэгээ сайжруулах нь чухал юм билээ.

Герман хэлээ хэр сайжруулсан бэ? Хэлний бэлтгэл, дамжаанд суралцахад яах ёстой байдаг вэ? Бидэнд зөвлөвөл? Хичээлийн хэдэн өдөртэй вэ?

Би Герман улсад Корона эхэлж байхад ирсэн учраас бүх хичээл онлайн болсон. Онлайн хичээл үзээд сайн ахиц гарахгүй болохоор нь монгол багший герман хэлний хичээл онлайнаар үзсэн юм. Зөвхөн дүрмийг эх хэлээрээ заалгаж байгаа учраас ойлгоход хялбар ахиц ихтэй байсан.

Хэрэв хэл сурахаар бодож байгаа бол яг одооноос эхлээрэй гэж хэлье. Германд очингуутаа сурч эхэлнэ гэж бодож байвал буруу шүү. Мөн хэл сурахдаа өдөр бүр тууштай үзэж байж л үр дүнд хүрэх учраас их бага гэлтгүй өдөр бүр хийх хэрэгтэй. Тухайн хэлээр дуу, яриа сонсох, кино үзэх их чухал. Жаахан хүүхдүүд ярьж сурахдаа хүмүүсийн ярьж байгааг сонсоод хэлд ордог шүү дээ.  Заримдаа залхуурах үе гарна тийм үедээ германаар кино үзэх, ном унших, хэлний курсын найзууд руугаа чат бичих, тэдэнтэй германаар ярих гэх мэтчилэн өөрт сонирхолтой байдлаар сурвал үр дүнд хүрнэ.

Чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байсан дурсамжаасаа хуваалцвал? Амралтын өдрүүдийг яаж өнгөрөөж байна?

Жишээ нь би хагас сайн, бүтэн сайнд амардаг. 5дахь өдөр болгон ярианы клуб шиг өөр өөр орноос ирсэн хүмүүстэй уулздаг байсан. Тэгээд дандаа герман хүмүүстэй ярьж олон олон соёлыг талаар ярилцаж танилцан найз нөхөдтөй болсон. Мөн амралтын өдөр германаар гэртээ кино үзэх, заримдаа найзуудтайгаа уулзаж цагийг хөгжилтөй өнгөрүүлдэг. 

Хөрш зэргэлдээ улс хот руу аялал хийх боломжтой байдаг гэж байсан. Хаашаа хаашаа явсан бэ? Аялаж амжсан уу?

Герман улсад ирээд хэд хэдэн улсаар аялсан. Зочин айлтайгаа хамт Швейцарь улс руу хамт яваад шинэ соёлтой танилцаад үнэхээр гоё байсан.

Би тэнд очоод цанаар маш сайн гулгаж сураад ирсэн. Мөн Люксенбург руу олон удаа явсан. Яагаад гэвэл миний амьдарч байгаа хот яг хажууханд ойрхон байдаг.

Манай айлын аав Герман хүн харин ээж маань Франц хүн. Би тэдэнтэй харилцахад хэцүү бэрхшээлтэй зүйл байдаггүй. Гэхдээ  айлын аавтай харьцахад хүйтэн хөндий юм шиг санагдаад байдаг, харин зочин ээж өөр орноос ирсэн болохоор ч тэр үү яг л ээж шиг маань дотно байдаг.

Төгсгөлд нь асуухад Герман улсад сурч ажиллах хүсэлтэй залууст юу анхаарч юу мэдвэл зохистой гэж бодож байна?

АУ ПАЙР хөтөлбөрийг сонирхож байгаа залууусдаа хандаж хэлэхэд тууштай байж, бүтээлч ажилсаг байгаарай.

Боломж үргэлж бидэнд байдаг, тэр боломжийг эерэгээр харцгаая.

Бүгдэд нь амжилт хүсье.

2021.04.01

 

Манай цахим буланд зочноор оролцож өөрийн сэтгэгдэл, туршлагаа харамгүй хуваалцсан чамд цаашдын сурлагад чинь өндөрөөс өндөр амжилт хүсье.