‘Weg zum Studium’ – “Мэргэжилд хөтлөх зам” блог мэдээ булангийн цахим зочноор Австрийн Венийн их сургуулийн оюутан Алтанзул маань оролцож байна. 

Ихийг хийж бүтээх, шинэ сонин зүйлсийг таньж мэдэн шинэ орчин, шинэ хүрээлэл дунд амьдарч амьдралын туршлага, мэдлэг чадвар хуримтлуулж байгаа залуус та бүгд маань Австри улсад дурсамж дүүрэн амьдарч байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэнд байх хугацаандаа үзсэн харсан, сурсан зүйлсээ хойч үе, залуустайгаа дуртайяа хуваалцана гэдэгт итгэж байна.

‘Weg zum Studium’ – “Мэргэжилд хөтлөх зам” блог мэдээ булангийн цахим зочноор Австрийн Венийн их сургуулийн оюутан Алтанзул маань оролцож байна. 

 

1. Өөрийгөө танилцуулна уу

Сайн байна уу, Намайг Алтанзул гэдэг. Австри улсад сурах зорилго тээж ирээд 2 жил болж байна. Хамгийн анх 2016 онд Европоор аялах гэж ирээд тэр үед л анхны харцаар дурлана гэдэг шиг мэдрэмж авснаас хойш Австри улс миний санаанаас огт гараагүй.

2. Яагаад Австри улсыг зорих болсон бэ? Ямар зорилго тээн очсон бэ? Анх очиход хэр таалагдсан бэ? Монголд байхдаа төсөөлж байснаас өөр байсан уу?

Маш олон шалтгаанууд бий л дээ. Миний талаас ярьвал би өөрөө их амьтанд хайртай учир нарийн буюу Монгол улсад тийм ч түгээмэл биш мэргэжил болох жижиг амьтны эмчээр сурахаар сэтгэл шулуудсан. Анхлан Америк, Австрали гээд их олон орнуудыг энэ чиглэлээр судлаад явахад бэлддэг байсан ч Европ тэр дундаа Австри улс надад мөрөөдлөө биелүүлэхэд их дөхөм юм шиг санагдаад сонгосон.

Гадны хүчин зүйлсийн талаар ярилцвал Австри тэр дундаа нийслэл болох Vienna хот нь дэлхийн хамгийн амьдрахад таатай хотоор сүүлийн 10 жил дарааллан 1 дүгээр байранд шалгарч байгаа. Оюутнууд ихээр зорьж ирдэг Vienna хот нь ногоон байгууламж ихтэй, даатгалын чадамж өндөртэй, нийтийн тээврийн хөгжил маш сайн гэх мэт дурьдаад баршгүй маш олон давуу талтай хот.

Сурах зорилго тээж ирэхээсээ ч өмнө энэ хотын тэр уур амьсгал, тансаг мэдрэмжинд татагдчихсан байсан учир анх ирэхэд ч, одоо ч тэр миний гэр шиг санагддаг тийм дулаахан газар. Мэдээж төсөөлөл бодит байдлаас зөрөх зарим зүйлс бий. Гэхдээ аливаа зүйлд шийдвэр гаргахдаа няхуур байх үүднээс анхнаасаа л энэ газар, энэ улсын сайн бас сүүдэртэй талыг чадахаараа судлаад мэдчихээд ирсэн л дээ, мөн манай ойрын хамаатнууд маань энд ирээд олон жил болж байгаа учир тэднийхээ тусламжтай их олон зүйлсийг мэдэж авч байсан. 

3. Австри улсад ямар чиглэлээр суралцдаг вэ? Сургуулийнхаа харьяа хэлний бэлтгэлд хамрагдсан уу? Герман хэлний ямар төвшингийн шалгалтыг өгснөөр элсэн ордог вэ?

Малын эмчийн мэргэжлээр сурах гэж ирсэн. Цаашлаад жижиг амьтнаар илүү мэргэших сонирхолтой байгаа. Австри улсын ихэнх Их сургуулиуд герман хэлний C1 түвшинг шаарддаг. Эхний ээлжинд сургуулийн харьяа хэлний бэлтгэлдээ шалгалт өгж байсан. Гэхдээ тухайн үед миний герман хэлний түвшин аль хэдийн хэлний бэлтгэлд суух шаардлагагүй байсан учир шууд их сургуульдаа өгөх мэргэжлийн шалгалтныхаа хичээлд бэлдэх курсд явж эхэлсэн. 

      

4. Австрийн их сургуулийн сургалтын төлбөр хэд вэ? Мөн хэлний бэлтгэлийн төлбөр? Бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах сургалтын төлбөр бага уу?

3 дагч орны буюу Шенгений орноос бусад, гадны оюутнууд сургалтын төлбөр болох 730 орчим еврог нэг семестерт төлдөг. Хэлний бэлтгэл нэг семестер явсан тохиолдолд ойролцоогоор 1200-1300 орчим евро болдог. Америк, Ирланд, Австрали г.м орнуудтай харьцуулхад мэдээж маш бага төлбөр төлдөг.

5. Амжиргааны зардал ямар байдаг вэ? Цагийн ажил хийгээд хэрэглээний зардлаа хангалттай олдог уу?

Амжиргааны зардал миний хувьд байр, хоол хүнс тэгээд нийтийн тээвэр, даатгал, ойр зуурын хэрэглээ гээд сардаа 1000 орчим евро болдог. Оюутнууд энд хуулийн хүрээнд 20 цаг ажиллах эрхтэй байдаг. Мэдээж хичээлийнхаа хажуугаар ажил хийж зохицуулж чадвал өөрийн хэрэглээний зардлыг хангалттай олох боломжтой.

6. Австри улсад амьдрахад хамгийн таатай сайхан зүйл нь юу байв, хамгийн хэцүү хүнд зүйл гэвэл юуг хэлэх вэ?

Хүний цаг, хөдөлмөр хоёрыг үнэлж, хүндэлж чаддаг газар амьдрахад бүх зүйл л таатай санагддаг. Би өнөөдөр өөрийнхөө урдах замыг хараад, хийх ёстой юмаа хийгээд явж байгаа цагт хэн ч надад төвөг болохгүй, хэн ч намайг тэглээ ингэлээ гэхгүй ер нь товчхондоо өрөөлийг өөртөө лай болгохгүй, өөрөө өрөөлд лай болохгүй л гэдэг уриатай газар. Тиймдээ ч надаа бүх зүйл нь тухтай, амар санагддаг даа. Хүнд хэцүү зүйл нь заримдаа мэдээж Монголоо санана, гэрийнхэнийгээ санана, анх ч сайхан уйлаал явдаг байлаа одоо больсоон. Өөр айхтар хүнд хэцүү зүйл байхгүй ээ. Том зорилготой хүн жижиг байтугай томоохон чулуунд ч бүдэрхээ байчихдаг. 

7. Ер нь Австри улсад сурч ажиллах, амьдрах боломж хэр байна вэ?

Бид хичээж чадвал олон боломж дэлхий дээр байна гэж хэлдэг. Ер нь яс зорилгоо бодоод хичээсэн хүнд дэлхийн өнцөг булан бүрт л боломж байгаа. Австри улсад тэр тусмаа өөрөө хичээгээд явбал чадаж байгаа таньд боломж хаа сайгүй бий.

8. Герман хэлээ хэр сайжруулсан бэ? Хэлний бэлтгэл, дамжаанд суралцахад яах ёстой байдаг вэ? Бидэнд зөвлөвөл? Хичээлийн хэдэн өдөртэй вэ?

Би герман хэлний А үсэг ч үгүй байж байгаад одоогоос 3 жил гарангийн өмнөөс сурч эхэлсэн. Барилгаар бол анхны сууриа монгол дахь Goethe Institut- д суралцаж тавьж байсан. А түвшингөө дуустал сурч байгаад цаашаа Герман улсад очиж илүү гүнзгийрүүлэхийн хажуугаар өөрөө их судалдаг байсан.

Герман хэл миний сурч буй 3 дахь гадаад хэл. Хэл бүр суралцахад өөрийн гэсэн онцлогтой байдгын адилаар герман хэл миний хувьд дүрмийн хувьд ойлгоход маш амар санагдаж байсан. Миний зүгээс цаг, хичээл зүтгэл одоо ч голчлон шаарддаг зүйл нь үгсийн сангаа илүү баяжуулах тал дээр байдаг.

Гэхдээ хүн бүр өөрийн суралцах төрлийг олж тогтоочихсон байхад нээх асуудал гарахгүй. Жишээлбэл зарим хүмүүс аливаа хэлийг суралцхад илүү хүнтэй харилцаа тогтоох замаар эсвэл маш их зүйл бичих зэргээс үр дүнтэй суралцдаг. Өөрийн хэрхэн хэлийг илүү үр дүнтэй суралцдаг төрлөө олж мэдэхийг хүсвэл доорх линкээр ороод тестлээд үзээрэй:

https://funtests.philognosie.net/lerntypen/lerntypen-test-welcher-lerntyp-bin-ich

9. Хичээлээс гадуурх чөлөөт цаг хэр их байдаг вэ. Чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байсан дурсамжаасаа хуваалцвал? Амралтын өдрүүдийг яаж өнгөрөөж байна?

Яг ид ажил хичээлтэй үеэр бол сардаа их ховорхон чөлөөт цагууд гардаг. Шалтгаан нь угаасаа гадны оюутны амьдрал нэг бодлын их шахуу төлөвлөгөөтэй явдаг. Одоогийн байдлаар Коронагаас болоод нэг бол хичээлээ гэртээ хийж өнгөрүүлэх аль эсвэл цөөн тооны найз нөхөдтэйгөө хааяа л уулзах боломжууд гарч байна. Чөлөөт цагаа энгийн үед бол найзуудтайгаа уулзаж дэлгүүрээр хэсэх, паркаар хамт зугаалах бүүр эсвэл ойр тойрны газруудаараа аялах зэргээр л өнгөрөөдөг дөө.

10. Хөрш зэргэлдээ улс хот руу аялал хийх боломжтой байдаг гэж байсан. Хаашаа хаашаа явсан бэ? Аялаж амжсан уу?

Шенгений орон өөрөө 26 улсаас бүрддэг учир нэгэнт энд ирчихсэн хүнд бол тэдгээр бүх орныг үзэх боломж нээгдэж байна гэсэн үг. Би одоогоор зөвхөн Австри улсаа хиллэн тойрсон Герман, Итали, Унгар зэрэг орнуудаар л зочилж үзсэн. Удахгүй цаг сайхан болхоор бүгдэнгээр нь аялаж үзэх төлөвлөгөөтэй явж байгаа.

11. Австри хүмүүсийн амьдралын хэв маяг, зан төлөв ямархуу санагдсан бэ? Тэдэнтэй хамт амьдарч, ажиллаж сурч хөгжихөд боломжтой юу?

Австри хүмүүс өөрснөө маш биеэ даасан улсууд байдаг. Тиймдээ ч эхэндээ маш хүйтэн хүмүүс шиг санагдаж магадгүй. Гэхдээ яваандаа дунд нь ороод ажиллаад, амьдраад ирэхээр ойлголцоход амар, шулуухан хүмүүс байдаг. Урлаг соёл гээд бүх талын мэдрэмж өндөр хөгжсөн, адаглаад уулзаад суухад ярих сэдэв ихтэй, нээлттэй хүмүүс байдаг.

12. Австри үндэсний баяруудад олон оролцсон уу? Баяр ёслолыг яаж тэмдэглэдэг юм байна? Ямархуу байдаг вэ?

Голчлон Христийн шашинтай орнуудад өргөнөөр тэмдэглэгддэг Улаан өндөгний баярыг энд цар хүрээ томтойгоор тэмдэглэдэг. Тухайлбал Улаан өндөгний баярын өдрүүдэд олон хоногоор амрана мөн зурагтаар нь Австрийн түүхт Сиси хатан хааны тухай киног гаргадаг г.м Баярын өдрүүдэд Австричууд голчлон гэр бүлээрээ цуглаж тэмдэглэдэг.

13. Монголоос шууд Австрийн их, дээд сургуульд суралцахаар хөөцөлдвөл бэрхшээл байна уу?

Хэлнээс бусдаар онцгой асуудал тулгарахгүй. Мөн Натуршутц -ийн хамт олон ийшээ ирж суралцах сонирхолтой байгаа оюутан залуусд боломжийг илүү ихээр нээж өгч байгаад маш их баяртай байгаа.

14. Төгсгөлд нь асуухад Австри улсад сурч ажиллах хүсэлтэй залууст юу анхаарч юу мэдвэл зохистой гэж бодож байна?

Миний зүгээс өгөх гол зөвөлгөө бол монголдоо боломжийн үнээр Герман хэлээ маш сайн сураад ирэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байдаг. Хэлийг орчинд нь сурах мэдээж тодорхой хэмжээний үр дүн сайтай ч, хэрвээ та монголдоо сурчихаад ирвэл таньд маш их цаг зав цаашлаад хөрөнгө мөнгө хэмнэнэ. Тийм ч учираас хэрвээ та ийшээ ирэхээр судлаж байгаа бол боломжоороо герман хэлээ монголдоо сайн түвшинд сураад ирээрэй.

БАЯРЛАЛАА ТАНД

Манай цахим буланд зочноор оролцож өөрийн сэтгэгдэл, туршлагаа харамгүй хуваалцсан чамд цаашдын сурлагад чинь өндөрөөс өндөр амжилт хүсье.

2021.04.07