Хүүхэдтэй харилцахад юуг анхаарах тухай зөвлөмж

Хүүхэдтэй харилцахад юуг анхаарах тухай зөвлөмж

Яавал зөв, яавал буруу болох вэ? Хүлээн авагч гэр бүлтэйгээ үл ойлголцож, зөрчилдөхгүйн тулд яах вэ?

Бидний тусламжтайгаар гадаад улс оронд хүүхэд асрахаар очоод буй залуусаас эргэж холбогдон, хэлж ярьж буй зүйл нь мэдээж хэрэг ихэвчлэн тухайн айлынх нь хүүхдүүдтэй холбоотой байдаг. Хүүхэд асрагчид маань өөртөө итгэл алдрах, хэтэрхий хэцүү санагдаж, эсвэл өөрийг нь хайхрахгүй байгаа мэт, хүлээн авагч гэр бүлийн хүүхдүүд өөрт нь дургүй байгаа мэт санагдлаа гэсэн яриа ч байн байн гарна. Мэдээж энэ тал дээр би нийтлэг дүрэм журам яриад төдийлөн тус нэмэр болж чадахгүй  дээ. Гэхдээ хэд хэдэн үндсэн зөвлөгөө өгөхийг хичээе.

Хүлээн авагч эцэг эхчүүд чамаас  юу хүсдэг вэ?

Хүлээн авагч эцэг, эхчүүд хүүхдүүдэд нь хайр халамжтай, найдвартай асрагчтай болсон гэдэгтээ юу юуны өмнө итгэлтэй байхыг хүсдэг болохыг та нар нэн түрүүнд сайтар ухамсарласан байх учиртай. Тэгэхээр хүүхдүүдтэй нь анхнаасаа л нээлттэй, илэн далангүй, нөхөрсөг харилцахыг хичээгээрэй. Түүнчлэн хүүхэдтэй нь идэвхтэй харилцаасай гэж хүснэ. Өөрөөр хэлбэл зүгээр л нэг үзэгч шиг, эсвэл хүүхэд харгалзагч шиг хараад суух төдийгөөр ажил үүргээ ойлговол хангалтгүй гэсэн үг. Хүүхдүүдийг нь зурагт юм уу компьютер тоглоомоор саатуулаад байхад ч бас ихэнх эцэг эхчүүд дургүй. Хүүхдүүд чамтай, чамгүй хангалттай их цагийг тэдгээр зүйлд зарж байгаа шүү дээ. Түүнээс гадна чи “ажлынхаа цагаар” байнга утаснаас зүүгдэх юм уу гар утсаараа зогсоо чөлөөгүй чаатлаад байх бас дэмий. Хүлээн авагч эцэг эхчүүд иймэрхүү зүйлийг тун сайн анзаарчихдаг юм, нээрэн шүү!

Гол чиг шугамаа анхнаас нь тохирох

Болж өгвөл хүүхэд асрагчаар очмогцоо хэд хэдэн үндсэн зүйлсийг хойшлуулалгүй тохирч авах хэрэгтэй. Хүүхэд хүмүүжүүлэх янз янзын арга барил, зарчим бий бөгөөд нэг айлд жирийн л үзэгдэл байдаг зүйл нөгөөд нь хориотой байх жишээтэй. Амттан өгөх, зурагт юм уу компьютер тоглуулах, (насыг нь харгалзан) хүүхдийг нь гэрийн ажилд оролцуулах гэх мэт зүйлс дээр айлууд ялгаатай ханддаг байж болох юм. Хүүхдүүд үгэнд чинь орохгүй, дүрэм журмыг мөрдөхгүй байгаа тохиолдолд ямар арга хэмжээ авч болохыг ч бас эцэг эхтэй нь нарийвчлан тохирч аваарай. Хүүхдүүдтэй нь хэрхэн харилцаж байгаа тухайгаа ойр ойрхон ярилцаж, явц байдлыг нь тогтмол мэдэгдэж байгаарай.

 

Хүүхдүүд миний үгийг ерөөсөө тоохгүй нь байна! Туслаарай!

Бид энэ үгийг маш олон хүүхэд асрагчаас сонсдог: Ялангуяа дөнгөж очмогцоо хүүхэд асрагчид маань хүүхдүүдтэй дотносон найзалж, тэдэнд таалагдахыг хичээдэг. Гэвч чухам хэзээ, хаана жаахан зааг хязгаартай байх вэ гэдгээ анхааралгүй, мартчих гээд байдаг талтай. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байдгийг үе үе хүүхдүүдэд харуулж байх ёстой, тэд ч битүүхэндээ чамаас үүнийг хүлээж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл чи байр сууриндаа бат тууштай байхын зэрэгцээ тэднийг хүндэтгэн харьцах ёстой гэсэн үг. Энэ амаргүй л дээ, гэхдээ л хэм хэмжээгүй, замбараагүй байдал хүүхдэд ойлгомжгүй төвөгтэй байдаг. Мэдээж хэрэг хүүхдийн насыг харгалзах нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл хоёроос дээш настай хүүхэд л дүрэм журмыг ойлгож, дагах чадвартай. Гурваас доош насны хүүхдэд гэхдээ тухайн дүрэм журмын утга учрыг ухаж бодох чадвар хараахан суугаагүй байдаг бөгөөд дүрмийг дагаж мөрдвөл өөрт нь ашигтайг олж анзаарсны үндсэн дээр автоматаар дагаж хийдэг ажээ.  Харин дөрвөөс зургаан насандаа л хүүхдүүд хил хязгаар, дүрэм журмыг мэдэрч, өөрсдөө туршиж шалгаж үзэж эхэлдэг.

Энэ тал дээр өгөх шалгарсан хоёр бяцхан зөвлөгөө:

- Уурлаж бухимдсан бол дуугаа хураах хэрэггүй. Өөрийн таагүй мэдрэмжээ тайван замаар илэрхийл. Хүүхэд үүнийг ойлгож, хүлээн авч чадна. Илэрхийлэхдээ гэвч хүүхдийн тухай биш, харин өөрийнхөө тухай ярь. “Чи .... болохоор хүмүүжилгүй зан гаргалаа” гэхийн оронд харин “.... болохоор би ууртай байна.” гэх мэтчилэн ярина гэсэн үг. Ингэснээр энэ нөхцөл байдал чамд ч, хүүхдэд ч хоёуланд нь хамаатай гэдгийг тэд ойлгоно. Өөртэй нь хүндэтгэл харьцаж буйгаа ийн мэдрүүлснээр буруу үйлдлээ засаж залруулахад тэдэнд илүү хялбар санагдах болно.

- Үг яриагаа эергээр илэрхийл. Хүүхэд мод руу авирч буйг хараад, унах вий хэмээн айж санаа зовлоо гэж бодъё. Тэгвэл шууд л “Ингэх чинь осолтой шүү.” гэж хэлэхийн оронд “Чи ёстой янзтай сайн авирч байна шүү.” гэж хэлсэн нь илүү үр дүнтэй. Тэгснээр хүүхдийн анхаарлыг улам төвлөрүүлэх бол шууд боль гэж хэлбэл хүсэмгүй зүйлд буюу хүүхэд нээрэн модноос унахад хүргэж магад шүү.

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг тун хариуцлагатай ажил юм. Чи хүүхэд асрагч болж энэ үүргийг хүлээснээр тэдэнд үлгэрлэх хүн нь болж хувирна гэсэн үг. Хүүхдүүд томчуудын өөрсдөд зааж зааварласнаас илүүтэйгээр өөрсдийнх нь үг яриа, үйл хөдлөлийг дуурайн суралцдаг юм шүү.