Герман улсад хүүхэд асрагчаар ажиллахад дагаж мөрдөх дүрэм
Та хүүхэд харах айлаа олсон, герман улад ажиллах хугацаагаа хоёр талдаа харилцан ашигтай, үр дүнтэй, зүй зохистой өнгөрүүлэхийг хүсэж байна уу? Үүнд таны хувь нэмэр нэн чухал бөгөөд дараах зүйлсийг дагаж мөрдөөрэй.
1. Харах хүүхдээ чин сэтгэлээсээ хайрлаж, ажилдаа тууштай хандаарай. Хүүхдүүдтэй цаг хугацааг хөгжилтэй өнгөрөөж, зүй зохистой хооллож, ундлах, хуурай, цэвэрхэн хувцастай байгаа эсэхийг шалгаж, шаардлагатай үед аргадан тайвшруулах зэрэгт анхааралтай хандах хэрэгтэй. Мөн цуг тоглох, хөгжилдөх тал дээр санаачлагатай байх нь чухал. Эцэг эхийнх нь зүгээс хүүхдийн хүмүүжилд нэн чухал гэж үзэж буй дүрэм, арга барилыг дагаарай. Хүүхэдтэй хэрхэн харьцахаа мэдэхгүй, зөрчилдөх тохиолдолд эцэг эхтэй нь ярилцан, хэрхэн зөв ойлголцох, харьцах вэ гэдэг дээр зөвлөгөө авах нь зүйтэй. Хүүхэд рүү чанга хашгирч загнах, цохиж зодохыг хориглоно.
2. Зочин айлынхаа орон гэр, тавилга, өөрийн өрөө зэрэгт хянуур болгоомжтой хандаж, цэвэр цэмцгэр байх хэрэгтэй. Юм хаяж гээхгүй, эвдэлж хэмхлэхгүй байх дээр анхаараарай. Санамсаргүй байдлаар ямар нэгэн юм эвдэж, хэмхэлсэн бол гэрийн эздэд даруйхан мэдэгдэж, хохирлыг барагдуулахаа хэлэх нь зүйтэй. Гэрийн түлхүүрээ хаяж гээхгүй, хянуур болгоомжтой байх ба зочин айлынхаа гэрийн хаягийг гадны хүнд огт өгч болохгүй.
3. Найз нөхдөө гэртээ авч ирэх, эсвэл тэднийд зочилж очих бол зочин айлдаа танилцуулаарай. Гэрийн эзэдтэй ярилцаж, тохиролцолгүй, зөвшөөрөл авалгүйгээр хэнийг ч гэртээ хонуулж болохгүй.
4. Та аажимдаа зочин айлынхаа гэр бүлийн нэгэн гишүүн болох ба тэдний хувийн амьдралын талаар маш их зүйл мэддэг болно. Эдгээр мэдээлэл дээр маш няхуур, итгэлтэй хандах ёстой. Ялангуяа гэр бүлийн гишүүдтэй холбоотой фото зураг, бичлэг зэргийг нүүр ном болон бусад олон нийтийн сүлжээнд эзнийх нь зөвшөөрөлгүй нийтэлж болохгүй. Учир нь хүний хувийн орон зай хуулиар хамгаалагдсан байдаг бөгөөд түүнд хүндэтгэлтэй хандах ёстой.
5. Хэзээ дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа талаар эцэг эхтэй тодорхой ярилцаарай. Таны хэрэг гарсан үед тохирсон цагтаа, цовоо сэргэлэн ажлаа эхлэхэд бэлэн байх хэрэгтэй. Ингэснээр эцэг эх хүүхдээ тантай санаа зовох зүйлгүй үлдээх болно.
6. Биеэ арчлах тордох, өрөөгөө цэвэрлэх цаг ажлын цагт хамаарахгүй. Иймд хүүхдийн эцэг эх таныг ажлын цаг эхлэхээс өмнө шүршүүрт орж, өглөөний цайгаа уусан байхыг хүснэ.
7. Очсон даруйдаа тухайн айлын суурин утас болон компьютерийг хэзээ, хэр удаан ашиглаж болохыг асууж тодруулаарай. Гэр бүл, найз нөхөдтэйгөө утсаар ярих, чатлах цагаа чөлөөт цагтаа оруулж төлөвлөөрэй. Хүүхэд харж байх үедээ өөрийгөө хүүхдэд бүрэн зориулна. Айлд өндөр зардал, төлбөр гаргахгүй байх, хориотой хуудсаар зочлох, юм татаж авах зэрэг интернеттэй холбоотой хууль бус үйлдэл гаргахгүй байх шаардлагтай.
8. Зочин айлдаа амьдрах тал дээр асуудал үүсвэл тайван нөхцөлд айлынхаа хүмүүстэй ярилцан, тохиролцохыг хичээгээрэй. Хэрэв асуудал шийдэгдэхгүй бол герман дахь таны хүүхэд асрагч зуучлах агентлаг асуудлыг шийдвэрлэх тал дээр зөвлөгөө өгөх, зуучлах зэргээр тусална.
9. Хүмүүстэй танилцах, харилцаа холбоо тогтоох, олон нийтийн үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцох зэргээр герман хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Өдөр тутам хүмүүстэй шууд харилцах нь зөвхөн герман хэлний курсэд суухаас илүү үр дүнтэй. Зочин айл чинь ч гэрт нь байснаар таны германд байгаагийн утга учир, зорилго биелж байгааг харахдаа баяртай байх болно.
10. Хүүхдийг нь харж байгаа хүний хувьд та тухайн айлын гэр бүлийн нэгэн гишүүн болно. Тухайн айлын гэр бүлийн гишүүдийн дадал зуршил, онцлог байдалтай сайтар танилцахын тулд эхэн үедээ тогтсон ажлын цагаас илүү хугацааг гэр бүлийнхэнтэй өнгөрөөхийг хичээгээрэй. Тэдний зүгээс ч тэр таныг герман улсад оршин суух болсонтой холбоотой албан газруудад бүртгүүлэх, хэлний курсэд суралцах ажлыг зохион байгуулах зэргээр эхний үед танд цаг гаргах болно. Нөгөө талаас, гэрийн эздэд өөртөө зарцуулах цаг завыг нь үлдээх хэрэгтэй гэдгийг санахад илүүдэхгүй.