Герман улсад тавтай морилно уу.

Эрхэм та Герман улсад тавтай морилно уу.

 

Герман хэл, соёлтой танилцан сурч боловсорч, шинэ найз нөхөдтэй болж, шинэ сонин зүйлс үзэж сонирхохын зэрэгцээ соёлын солилцооны дадлагажигчаар ажиллахаар та Герман улсад ирээд байна.

Бүхний хайрыг татсан бяцхан хүүхдийн асрана байна гэдэг дахин давтагдашгүй сайхан ажил. Энэ ажил танд халуун дулаан, таатай сэтгэгдэл төрүүлэх бөгөөд марташгүй дурсамж үлдээх болно гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн олон танихгүй хүнтэй цоо шинэ, танихгүй орчинд төгс эзэмшээгүй хэлээрээ харилцах, шинэ нөхцөл байдалд дасан зохицох, учир зүйгээ олох зэрэг маш олон шаардлага тулгарч таарна. Герман улс болон герман хүмүүсийн амьдралын хэв маяг зан заншил, болон бие биетэйгээ хэрхэн харьцдаг зэрэг эх орондоо сонсож амжаагүй олон зүйлийн талаар мэддэг болоход энэхүү гарын авлага зүг чигээ олоход чинь тус дэм болоосой гэж хүссэн юм.

Мөн хүүхэд асрагчийн өдөр тутмын үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл чамд өгөх нь дамжиггүй. Энэ номонд бичсэн бүх зүйлсийг та ойлгохгүй байж болох ч таныг угтан авагч Герман гэр бүл танд илүү ойлгомжтой тайлбарлаж туслах болно.

Герман улсад ихийг үзэж, сурч мэдэх болтугай хэмээн хүсье!

Германы Аупайр Агентуруудын Холбооны дарга

Патрисиа Брүннер

 

 

Хүлээлт, хүсэлт / Erwartung

Та шинэ зүйл сурч мэдэх, танин мэдэх хүсэлдээ хөтлөгдөн герман улсад хүүхэд асрагчаар ажиллахаар шийджээ. Ажиллахын хажуугаар чөлөөт цагаараа Германд янз бүрийн арга хэмжээнд оролцох, музей болон алдартай газар орон үзэж сонирхох, ойрын хотуудаар аялаж, европын зарим алдартай хот үзэхийг хүсч байгаа нь тодорхой. Түүнээс гадна хүлээн авагч гэр бүлдээ айлын том эгч шиг нь байж, гэр бүлийн нэг гишүүн нь болно гэж төсөөлж байж болох юм. Бусад хүүхэд асрагчид болон герман хүмүүстэй найзалж нөхөрлөх нь чамд таалагдах нь дамжиггүй. Энэ бүхэн бол чиний хүүхэд асрагчаар ажиллах хугацаандаа хийж биелүүлэхийг хүсч буй зүйл.

Хүлээн авагч гэр бүл ч гэсэн чамаас тодорхой зүйл хүсэн хүлээх болно. Хүүхдийн эцэг эх цаг наргүй ажиллах шаардлагатай тул өдөр тутмын гэр орны ажил, хүүхдээ харуулах зэргийг таны тусламжтайгаар зохицуулахыг хүссэн учраас тэд хүүхэд асрагч авахаар шийдсэн. Тиймд хүлээн авагч эцэг эх чинь чамайг гэр бүлийн ахуй байдалд нь дасан зохицож, хүүхэд харах болон гэр орны өдөр тутмын ажилд туслуулахыг хүсэх болно. Иймд найдвартай, итгэл даахуйц, хариуцлагатай, хүүхдэд хайртай байх чанар чинь хамгийн чухал. Хүүхэд асрагч болон хүлээн авагч гэр бүл хэн хэнээсээ юу хүсэн хүлээж байгаагаа мэдэж байгаа тохиолдолд үл ойлголцох асуудал байхгүй. Харилцан ойлголцох, асуудал, бэрхшээлийг хамтран шийдвэрлэх шаардлагатай болох үе ч байх нь мэдээж. Гэвч энэ бол бүх гэр бүлд тохиолддог асуудал бөгөөд ер бусын зүйл биш юм гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

 

  

Соёлын цочрол /Kulturschock

Гадаад оронд тодорхой хугацаанд, гадны хүмүүстэй амьдарч үзсэн хүн бүр соёлын цочролыг мэднэ. Соёлын цочрол гэж байдаг, гадагшаа аялаж байгаа хүн бүрт тохиолддог зүйл гэдгийг мэддэг байх нь тустай. Соёлын цочрол янз бүрийн үе шатаар явагдана. Тухайлбал,

  1. Тулгараад буй нөхцөл байдалд дасан зохицож, ачаалал, бэрхшээлийг даван туулж чадах эсэх дээр итгэлгүй байгаа учир эхэндээ бухимдаж буйгаа мэдэрнэ.
  2. Дараа нь гэр бүл найз нөхөд, танил дасал болсон орчин, эх орондоо байхад байсан байр суурь үгүйлэгдэнэ.
  3. Ихэвчлэн эс хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөгдөх мэдрэмж бий болно. Тухайн соёлоор харилцагчид чамайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм шиг мэдрэмж төрөх, эсвэл чи тэднийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас тэр.
  4. Яваандаа гадны нийгэмд эзлэх байр суурьтаа эргэлзэж эхэлдэг. Чамд төрж буй тухайн үеийн мэдрэмжийг өөрийн мөн чанартай холбон, өөрийн орны соёлыг харийн соёлтой шүүмжлэлтэй байдлаар харьцуулдаг байна.
  5. Соёлын ялгааны асар том зөрүүтэй байдлыг анзаарсны дараа чамд гайхаж балмагдах, айх, зэвүүцэх мэдрэмж төрнө.
  6. Шинэ орчин нөхцөлд дасан зохицож, учир зүйгээ олж чадахгүй нь гэсэн бодлын үр дүнд сэтгэлээр унаж эхэлнэ.

Соёлын цочрол иймэрхүү байдлаар явагдах бөгөөд ихэнх хүүхэд асрагчид хөнгөн хэлбэрээр илэрдэг. Гэхдээ хүүхэд асрагч болон хүлээн авагч гэр бүл  гадаад улс руу тодорхой хугацаагаар аялаж байгаа бараг бүх хүнд ийм мэдрэмж төрдөг бөгөөд, хэвийн үзэгдэл гэдгийг ойлгож сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Соёлын цочролд өртөхийн хажуугаар шинэ сонин зүйл үзэж, нээж байгаадаа баярлах мэдрэмж төрөх нь гарцаагүй. Герман улсад ирж, огт өөр амьдралыг үзэж туулах том алхам хийсэндээ баярлаж, өөрөөрөө бахархах болно.

Айх хэрэггүй дээ. Герман хэлээр илүү сайн ойлгож, ярьж чаддаг болоод ирэхээр маш олон зүйл танд амархан санагдаж хэдхэн долоо хоногийн дараа соёлын цочролыг  амжилттай даван туулсан байх болно. Хэсэг хугацааны дараа хүлээн авагч гэр бүл хэрхэн амьдардаг, чамаас юу хүсэн хүлээж байгаа, юу бодож байгаа талаар ойлгож мэдсэн байх болно. Мөн хүрээлэн байгаа орчин, үе тэнгийн хүмүүс, хэлний курсийнхэнтэй танилцаж нөхөрлөж ч болно шүү дээ. Нэг ёсондоо шинэ танилыг хүрээ нэмэгдэж тэр хэрээр нээлттэй, найрсаг, харилцааны соёл нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Ер нь хүлээн авагч гэр бүлд хийж гүйцэтгэх ажил, үүрэг даалгавар болон тэдэнтэй хамтдаа оролцох арга хэмжээ зэргээс шалтгаалан нэг өдөр зай завсаргүй өнгөрнө.

Ингээд шинэ амьдралдаа аажим аажмаар дасах болно.  Эхний 4-6 долоо хоногийн турш соёлын цочролд орсон мэдрэмж төрсөөр л байгаа бол эргэлзэх, сандрах хэрэггүй.  Өөртөө хугацаа өгөөд түр хүлээ. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд соёлын цочролоос гарсны дараа л чи зорилго чиглэлтэй, өөртөө итгэлтэй, аливааг хийж бүтээхэд бэлэн болох зам руу алхан орох болно. Энэ бүх шинж чанарууд чиний амьдралд насан туршид хэрэг болно.

 

  

Гэрээ санах/ Heimweh

Соёлын цочролоос гадна гэрээ санах нь гадаад руу аялаж байгаа хүн бүрт тохиолддог ч сэтгэл өвдөх мэдрэмж дагуулдаг. Эхний үед  гэр бүл, найз нөхөд, эх орноо санана. Зарим өдөр бүр илүү их санах нь ч бий. Ийм үед амьдарч байгаа айл болон гадаад ертөнцтэй харьцахад төвөгтэй нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд өрөөндөө шигдээд байлгүй шинэ амьдралдаа зайлшгүй дасан зохицох хэрэгтэй гэж зөвлөх байна. Нэн тэргүүнд гэр бүлийн амьдралд идэвхтэй оролцоорой! Ингэхийн тулд тухайн гэр бүлтэйгээ хамт хооллох нь нэн чухал. Мөн тэднийг дэлгүүр орох, хүнс цуглуулах, ямар нэгэн ажил амжуулахаар гарахдаа дагуулж явахыг хүсвэл боломжийг бүү алдаарай. Энэ нь газар нутаг, ойр орчинтой танилцаж, айлынхаа хүрээллийн хүмүүстэй танилцах боломж олгоно.

  

Бүртгүүлэх/ Anmeldung

Шинээр ирснийхээ дараа орчин нөхцөлдөө дасан зохицохын зэрэгцээ заавал хийж  гүйцэтгэх шаардлагатай чухал албан ажлууд бий. Хүлээн авагч эцэг эх чинь ямар ажил хөөцөлдөх ёстой талаар мэдээллийг аль хэдийн авсан байх учраас чамтай хамт явна. Хэрэв та виз шаарддаг орноос ирсэн бол (Европын холбооны орнуудаас бусад бүх орон) ажлын зөвшөөрөл хүсэх ёстой бөгөөд оршин суух зөвшөөрлөө арван хоёр сар хүртэлх хугацаагаар сунгуулах шаардлагатай. Үүнээс өмнө таны амьдарч байгаа гэр  бүлийг хариуцсан хот, дүүргийн захиргаанд очиж, оршин суух хаяг дээрээ заавал бүртгэл хийлгэх ёстой. Зарим орны иргэдийн хувьд заавал эрүүл мэндийн үзлэгт орж байж оршин суух болон ажиллах зөвшөөрөл авна. Энэ нь эмчийн ердийн л нэг үзлэг тул айж, санаа зовох хэрэггүй. Мөн чамд тохирох хэлний курсэд бүртгүүлэхдээ угтагч эцэг эхтэйгээ хамт явах хэрэгтэй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг номын хойд хэсгээс олж уншаарай. Түүнээс гадна германд ирсэн даруйдаа өөрийг чинь хариуцаж буй агентуртайгаа  холбогдон сайн явж ирсэн тухайгаа мэдэгдэхийг зөвлөе. 

 

Даатгал / Versicherung

Хүлээн авагч гэр бүлээсээ эрүүл мэндийн даатгалынхаа талаар лавлаж асуугаарай. Учир нь тэд чамайг эрүүл мэндийн даатгалд даатгуулсан байх ёстой бөгөөд даатгуулж амжаагүй бол даруйхан даатгал хийлгэх шаардлагатай. Үүнийг осол, хувийн хариуцлага, эрүүл мэндийн халамжийн суурь даатгал гэж ойлгох хэрэгтэй.

Өвдсөн болон эмчид үзүүлэх шаардлагатай үед өрхийн эмчтэй цаг тохирч өгөхийг хүлээн авагч эцэг эхээсээ хүсээрэй. Эмчид үзүүлэхдээ даатгуулагчийн картаа үзүүлэх ёстой. Эрүүл мэндийн зарим үйлчилгээг даатгал хариуцахгүй. Эмнэлгийн ямар ямар үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж болохыг хүлээн авагч гэр бүлтэйгээ ярилцаж мэдэж аваарай.                                                                                                             

Шаардлагатай тохиолдолд эмчид үзүүлэхэд хэрэг болох бүх мэдээллээ гарын дор бэлэн байлгахын тулд тус номын араасаа хоёр дахь хуудас дээр байгаа эмч, даатгалын газрын нэр, холбоо барих мэдээлэл болон өөрийнхөө эрүүл мэндийн даатгалын дугаарыг тэмдэглэж авахыг зөвлөж байна.

 

Au-pair үнэмлэх/ Au-pair Ausweis

Ихэнх хүүхэд асрагч зуучлагч агентлаг дадлагажигч болон хүүхэд асрагчийн үнэмлэх олгодог. Тус үнэмлэх нь таны хувийн мэдээлэл, амьдарч байгаа айл болон хүүхэд асрагч зуучлагч агентлагийн мэдээллийг агуулсан байдаг. Үнэмлэхээ гар цүнх юмуу хэтэвчиндээ байнга авч явж байгаарай. Аюултай нөхцөл байдалд орлоо гэхэд бүх шаардлагатай мэдээлэл чинь бэлэн байх нь маш тустай. Олон нийтэд зориулсан соёлын арга хэмжээнд оролцохдоо үнэмлэхээ үзүүлэн, мөнгө хэмнэх тохиолдол ч бий. Зарим газар хүүхэд асрагчийн үнэмлэхийг оюутан, сурагчийн үнэмлэхний нэгэн адил хүлээн зөвшөөрөх бөгөөд үзвэрийн тасалбар, унааны билет зэрэгт хөнгөлөлт үзүүлдэг.

 

Хүүхэд асрагчид тавигдах шаардлага, эрх үүрэг / Aupair-Bedingungen

Хүүхэд асрагчаар германд ажиллахад ямар болзол, шаардлага хангасан байх ёстой хийгээд түүний эрх, үүргийг хүсэлт гаргахаасаа өмнө танилцаж судалсан байх гэж бодож байна. Гэсэн хэдий ч хамгийн чухал эрх, үүргийн талаар тойм мэдээлэл өгөх болно.

Таны эрх/ Deine Rechte

Хүлээн авагч гэр бүл дараах зүйлийг биелүүлэх үүрэгтэй:

  • Халаалт, тавилга, өдрийн гэрэл, цоожтой хаалгатай өрөө гаргаж өгөх, угаалгын өрөө ашиглуулах (гэр бүлийн гишүүдтэй хувааж ашиглах боломжтой)
  • Сар бүрийн хэрэглээнд зориулсан халаасны мөнгө буюу 280 евро;
  • Эрүүл мэнд, осол, хувийн хариуцлагын даатгал төлөх;
  • Чөлөөт цаг: Долоо хоногт 1-5 дахь өдрүүдэд дараалан ажиллаж, хамгийн багадаа дөрвөн орой амарна. Үүнээс сард дор хаяж нэг ням гаргийг чөлөөтэй байхаар тохируулна.
  • Ажилласан сар тутамд хоёр өдөр цалинтай амарна. Ням гарагийг амралтын өдөрт тооцохгүй;
  • Германы албан ёсны баярын өдрүүдэд ажиллахгүй;
  • Хэлний курсэд очих унааны зардлыг хариуцна;

Таны үүрэг/ Deine Pflichten

  • Долоо хоногт 30 цаг ажиллах ба 5-6 хоногт ажлын цагийг хуваарилна.
  • Ажлын цагийг тухайн гэр бүлийн өдөр тутмын ажлын шаардлагад нийцүүлэн тохируулна. (хүлээн авагч эцэг эх, сургууль, цэцэрлэгийн ажлын цагийг харгалзана.)
  • Хүүхэд харах, гэрийн ажилд туслах

Der Tagesablauf/Өдөр тутмын үйл ажиллагаа

Герман айлууд өдөр тутмын маш эмх цэгцтэй, нарийн төлөвлөгөөний дагуу ажиллаж амьдардаг. Өдөр тутмын амьдрал нь эцэг эх, сургууль цэцэрлэгийн ажиллах цаг, хүүхдийн хийх зүйлийн хуваарь болон хэзээ хүүхдүүдтэйгээ тоглохоор тохирсон зэргээс  хамаарна.  Хүүхэд асрагчийн хувьд тухайн айлын өдөр тутмын үйл ажиллагаатай нарийн холбоотой ажиллана. Эцэг эхийн зүгээс чамаас цагаа нарийн баримтлахыг хүснэ.

Жишээ нь  герман айлын нэг өдөр иймэрхүү байдаг.

6.30 Uhr: Өглөө босох;

7.00 Uhr: Хүүхдэд ариун цэврийн өрөө орох, хувцсаа өмсөхөд нь туслах;

    Өглөөний цай бэлтгэн, хүүхдүүдтэй хамт цайгаа уух;

     Хүүхдийг сургууль цэцэрлэгт нь хүргэх;

8.30 Uhr: Гал зуухаа цэвэрлэх.

     Ороо хураах, гэрийн ойр зуурын ажил хийх;

9.00-12.00: Чөлөөт цаг

Энэ хугацаанд та хэлний курсдээ явах юм уу, чөлөөт цагаараа хийхээр төлөвлөсөн ажлаа амжуулж болно;

12.00 Uhr: Үдийн хоол бэлтгэх;

       Хүүхдийг сургууль, цэцэрлэгээс авах;

       Хүүхэдтэй цуг үдийн хоол идэх;

       Хүүхэд харах, анхаарал халамж тавих;

16.00 Uhr: Таны чөлөөт цаг эхэлнэ.

Энэ жишээнд дурдсанаар танд өглөөгүүр ажлын хоёр цаг, үдээс хойш дөрвөн цаг байна. Нийт зургаан цаг. Таны ажлын цаг болон хийх зүйлс нь тухайн айлын өдөр тутмын ажлын төлөвлөгөөнөөс шууд хамаарна. Өглөө хоёр цаг, үдэд хоёр цаг, орой хоёр цаг ажиллах хуваарь ч гарч болно. Эсвэл үдээс хойш ч ажиллах магадлалтай. Өдөрт тавхан цаг ч ажиллаж болно. Энэ тохиолдолд долоо хоногт ажлын таван өдөр ажиллана гэсэн үг. Энэ бүхэн эцэг эх, сургууль цэцэрлэгийн ажлын цагаас хамаарна.

Тухайн гэр бүлийн ажлын цаг тэр бүр нарийн баримтлагдахгүй байх тохиоодол бас гарна. Эцэг эх оройтож ирэх, эсвэл ямар нэг гэнэтийн шаардлагаас шалтгаалан тохирсон цагаас өөр үед хүүхэд харах шаардлага ч гарч болно. Иймэрхүү тохиолдол байнга давтагдаад байхгүй л бол, хүлээн авагч гэр бүлдээ боломж олгон уян хатан байгаарай. Хүлээн авагч эцэг эх чинь ярилцаж тохирсон ажлын нөхцлөөс хэт илүү шаардлага тавих, тусламж дэмжлэг хүсч байгаа юм шиг санагдвал тэдэнтэй илэн далангүй ярилцах хэрэгтэй. Ярилцаад нөхцөл байдал дээрдэхгүй бол агентуртаа хандан тусламж хүсч болно.

 

Regeln in der Gastfamilie / Хүлээн авагч гэр бүлийн дүрэм

Айл бүрт гэр бүлийн гишүүдэд зориулсан тогтсон дүрэм бий. Үүнд нэн тэргүүнд хоорондоо харьцах өнгө аяс зүй ёсоор орно.

Тааралдахдаа бие биетэйгээ байнга мэндлэх нь герман гэр бүлийн хувьд энгийн үзэгдэл. Өглөө бүр “Өглөөний мэнд.” хэмээн эелдгээр мэндлэх нь  стандарт мэндчилгээ бөгөөд тухайн өдрийг хамтдаа сайхан өнгөрүүлэх эхлэл болно. “Зүгээр.”, „Баярлалаа”, „Сайхан хооллоорой!”, „Уучлаарай" эсвэл „Өдрийн мэнд!”, „Дараа уулзталаа баяртай." зэрэг хэллэг нь хүн бүрийн  санаж явах ёстой харилцааны эелдэг үгс юм.

Бас нэгэн тогтсон дүрэм бол гэрээс гарахдаа явлаа гэдгээ болон хэзээ эргэж ирэхээ урьдчилж хэлэх явдал юм.

Тухайн өдрийг хэрхэн өнгөрөөх, юу хийх, хэн ямар ажил хариуцахыг ярилцан, гэр бүлийн гишүүд өөр өөрийн хариуцсан ажлыг аль болох бүрэн дүүрэн хийж гүйцэтгэхийг хичээх ёстой.

Ихэнх айл гэр бүлийн гишүүн бүр хувийн эд зүйлээ гэрийн хаа таарсан газраа тавих, үлдээхгүй байх тал дээр анхаардаг. Хэрэглэсэн аяга тавгаа хураах, угаах хэрэгтэй. Жаахан хүүхдэд тавигдах шаардлага мэдээж өөр байна.

Тухайн гэр бүлийнхээ хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд хэзээ ч бүү өг! Өөрөөр хэлбэл хүлээн авагч гэр бүлийнхээ хувийн мэдээллийг интернет сүлжээнд тавихыг (Skype™, Facebook®, MSN®, Twitter™, Orkut, ICQ гэх мэт.) хориглоно.  

Зочин хүлээж авах бол хүлээн авагч эцэг эхтэйгээ ярилцаж тохирох хэрэгтэй. Найз чинь чамтай уулзахаар зочин айлд чинь ирэх бол тэднийг хооронд нь таницуулаарай. Зарим тохиодолд биеэ яаж авч явах, аливаа зүйлийг хэрхэн хийхээ мэдэхгүй болон эргэлзэж байгаа бол гэрийн эздээс шууд асуугаарай. Зарим жишээ дурдахад: Би хөргөгчнөөс өөрөө юмаа аваад хэрэглэж болох уу? Утас дуугарвал харилцуур авч болох уу? Зурагтыг өөрөө асаагаад үзэж болох уу? Гэрээс гарах бол зурагтыг унтраагаад гарч болох уу? гэх мэт.

 

Aufgaben/Үүрэг даалгавар

Хүүхэд асрагчийн өдөр тутмын ажил үүрэг янз бүр байдаг. Учир нь таны ажил эцэг эхийн цагийн хуваарь, хэрэгцээ шаардлага, амьдралын хэв маягаас бүрэн хамааралтай. 

Хүүхэд асрагчийн нийтлэг үүрэг, даалгавар:

  • Хүүхэд харах

Дийлэнх айлын хувьд хүүхэд асрагчийн үндсэн үүрэг бол хүүхэд харах.  Иймээс чи хүүхдэд анхаарал халамж тавих, аюулгүй байдлыг хангах асуудлыг хариуцана гэдгээ маш сайн мэдэж байх ёстой. Илүү дэлгэрэнгүйг “Хүүхэд” гэдэг бүлгээс харна уу?

  • Хоол, хүнс бэлтгэх

Германчууд ер нь өдөрт гурван удаа хооллодог. Өглөөний цайнд ихэвчлэн жимсний чанамал, шоколадны крем, шинэхэн бяслаг түрхсэн юмуу, зайдас, бяслагаар хачирласан талх, заримдаа үр тарианы нунтаг буюу мюсли иднэ. Үдийн хоол бол халуун хоолны цаг. Хүүхдүүд гоймонтой хоол, өндгөн жаврай, мах, будаа, ногоо, шөл идэх маш дуртай байдаг. Хялбархан бэлтгэж болох олон хоол бий. Хүлээн авагч эцэг эх чинь хэрхэн хийхийг нарийн тайлбарлаж өгнө.

  • Гэр орныг эмх цэгцтэй байлгах

Өрөөнүүдийг цэвэрлэх, тоос соруулах, цэцэг услах, ойр зуурын цэвэрлэгээ хийх болон гал зуухны өдөр тутмын цэвэрлэгээ, угаалгын машинд угаах зүйл хийх, гаргаж хатаах зэргийг хамруулан ойлгоно.

  • Угаах зүйл

Хүлээн авагч эцэг эх тань хувцас угаах ажилд туслахыг хүсч болно. Бүх айл угаалгын машинтай ба ихэвчлэн хатаагч машинтай байдаг. Угаалгын машинд угаах зүйлийг хийж, гаргаж хатаах юмуу автомат хатаагчид хийнэ. Зарим хувцсыг индүүдэн хувцасны шүүгээнд хийх ёстой.

  • Гэрийн тэжээмэл амьтан

Герман айлууд муур, нохой гэртээ тэжээх нь түгээмэл үзэгдэл. Тэдгээр амьтдыг хооллох, нохой салхилуулах зэрэг ажлыг өөрт тань даалгаж болох юм.

  • Хувийн орон зай

Амьдардаг өрөө, угаалгын өрөө, угаах юм болон хувийн эд зүйлсээ эмх цэгцтэй байлгах нь мэдээжийн хэрэг. Өрөө чинь эмх цэгцгүй, бохир заваан байхад ямар ч айл дуртай байхгүй.  Хувийн ариун цэврийг сайтар сахих, цэвэр цэмцгэр хувцаслах нь зайлшгүй тавигддаг шаардлагууд юм.

 

Was nicht zu deinen Aufgaben gehört/ Чиний хийх ёсгүй ажлууд

  • Айлын гэрийг тэр чигээр нь цэвэрлэх

Айлын гэрийг бүхэлд нь буюу бүх өрөө тасалгааг цэвэрлэх нь чиний ажил, үүрэгт орохгүй. Шал арчих, ариун цэврийн өрөө буюу 00, угаалгын өрөө цэвэрлэх болон цонх арчих зэрэг ажлыг хийх шаардлагагүй.

  • Ахмад настан асрах

Гэрт хамт амьдарч байгаа ахмад настай хүнийг асарч тойглох ажил таны үүрэг биш шүү.

  • Гэр бүлээс гадуурх ажил үүрэг

Хүлээн авагч гэр бүл чамайг гэр бүлээс гадуурх ажил хийлгэх эрхгүй. Жишээ нь тухайн гэр бүлийн компанид ажиллах юмуу, хөршийн гэр цэвэрлэх зэрэг.

 

KINDER/ Хүүхэд

Хүүхэд бол тухайн гэр бүлийн хамгийн чухал нь хүн. Хүүхдийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлага бүхнээс дээгүүр тавигдана. Хүүхэд асрагчийн ажлын аз жаргалтай мөчүүдийн нэг бол хүүхэдтэй чөлөөтэй, илэн далангүй, энгийн харилцахад оршино. Гэхдээ энэ нь маш олон хүчин зүйлээс шалтгаална.

Хүүхдийн амьдралд та чухал байр суурь эзлэх хүн учраас, тэдэнтэй харьцахад нэг талаас маш нарийн мэдрэмж шаардана. Нөгөө талаас гэр бүлийн том жижиг гишүүдийг цовоо сэргэлэн бөгөөд чин сэтгэлээсээ асарч тойлох, анхаарал халамж тавих шаардлага гарч ирнэ. Хүүхэд харах тал дээр маш том хариуцлага үүрэх бөгөөд түүний зэрэгцээ чин сэтгэлийн, найзархаг харилцаа тогтоох хэрэгтэй. Хүүхдийн эцэг эх таниас юу хүсэн хүлээж байгаа болон хүүхэд ямар дадал зуршилтай болохыг сайн мэдэхгүй учраас эхэндээ өөртөө итгэлгүй байж болно. Хэсэг хугацааны дараа герман эцэг эх хүүхдээ танай орны эцэг эхчүүдээс өөрөөр хүмүүжүүлдэг болохыг мэдэж авна. Энэ бол соёлын солилцооны туршлагатай холбоотой ялгаа юм. Ихэнх герман эцэг эх хүүхдээ нарийн дүрэм журмын дагуу хүмүүжүүлэхээс зайлсхийдэг. Хүмүүжлийн чиглэл нь хүүхэд өөрийгөө танин мэдэх, хувь хүний хөгжил, оюун ухаан, авъяас, нийгмийн чадварыг дэмжихэд оршдог. Эцэг эх нь хүүхдийг хайрлаж, найдвартай харж хандахыг л хүсэх болно. Гэхдээ хүүхэд чамайг хүндэлж харьцах ёстой бөгөөд чиний үгэнд ордог байх хэрэгтэй.

Хүүхдийн хүмүүжлийн талаар маш олон үзэл бодол, ойлголт байх ба дараах үндсэн зарчмыг та ч бас санаж, баримтлах ёстой:

Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийн хэлбэрийг хориглох бөгөөд зодох, өшиглөх нь туйлаас хориотой! 

Хүүхдийн наснаас хамааран тэдэнтэй харьцах арга барил маш ялгаатай:

Нярай

Нярай хүүхдэд таны анхаарал халамж, нягт нямбай асаргаа сувилгаа нэн хэрэгтэй.

Нялх хүүхэд

Нялх хүүхдийг маш сайн анзаарч, өлсөх, цангах, унтах, усанд оруулах зэрэг суурь хэрэгцээг нь хангаж өгөх ёстой болно.

Цэцэрлэгийн насны хүүхэд

Цэцэрлэгийн насны хүүхдэд ихэвчлэн тоглох, тусламж дэмжлэг шаардлагатай.

Сургуулийн насны хүүхэд

Сургуулийн насны хүүхдийг үүрэг даалгаврыг нь зохион байгуулах, хуваарилах, харж хандах хэрэгтэй.

Хүүхдийн суурь хэрэгцээ хангагдсан гэж үзэж байгаа бол тэдэнд тохирсон арга хэмжээ, хийх зүйлийг санал болгох хэрэгтэй. Компьютер, зурагтаар саатуулах нь тийм ч зөв санаа биш. Хүүхдийн насны онцлогоос хамааран дараах зүйлийг санал болгож болно.

  • Аль болох гадаа гаргаж, өөрийн дураар чөлөөтэй хөдөлгөөн хийлгэх, талбай дээр тоглуулах, дугуй унах, бөмбөг тоглох, биеийн тамираар хичээллэх зэрэг
  • Гар урлал хийх, зураг зурах, будах, юм наах
  • Нарийн боов хийх, хоол хийх
  • Ном уншиж өгөх
  • Дуулах, бүжиглэх, жүжиг тоглох
  • Тоглоом (хөзөр, монопол зэрэг)
  • Багт хувцас өмсөх, нүүрээ будах гэх мэт.

Эдгээр нь хүүхдүүдтэй ажиллахад тохиромжтой санаанууд юм. Хүүхдийн аюулгүй байдал, анхаарал халамж тавих тал дээр хариуцлага хүлээсэн үедээ та бүх анхаарлаа түүнд зориулах ёстой. Энэ хугацаанд гар утсаар оролдох, компьтер дээр суух, сэтгүүл үзэх зэрэг анхаарал сарниулах өөр зүйл хийхийг хориглоно.

 

Typisch Deutsch/ Германчуудын нийтлэг дүр төрх, зан чанар

Эх орондоо байхдаа л та герман хүмүүсийн талаар тодорхой  төсөөлөлтэй болсон байх.  Герман хүмүүсийн тухай хэвшмэл ойлголтоор тэд бол эмх цэгцтэй, зорилгодоо тууштай,   цаг баримталдаг, цэвэрхэн, ажилч хичээнгүй. Энд германчуудын харилцааны нийтлэг арга барилын талаар зарим жишээг өгөх боломжтой. Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой, нэг хэвэнд цутгасан юм шиг амьдрахгүй гэдэг нь мэдээж. Гэхдээ германчуудын хаа сайгүй тохиолддог, маш нийтлэг дүр төрх, үйлдлүүд байна.

Эдгээр шинж чанар гэр бүлийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Германчууд цагтай уралдаж амьдардаг. Германд нийтийн тээврийн хэрэгслийн явах цагийн хуваарь минутаар төлөвлөгдсөн байдаг бөгөөд түүнийгээ бодит байдал дээр ягштал баримталдаг гэж зарим гадаад хүн гайхдаг.

Уулзахаар тохирсон цагийг таван минутын өмнө ирэх зэргийг нарийн баримтална. Ажил мэргэжлийн хүрээнд цаг баримтлахгүй байхыг огт хүлээн зөвшөөрдөггүй. Хувийн чанартай арга хэмжээ, урилга, болзоо зэрэгт цагаасаа хоцорч ирэхийг бүдүүлэг, найрсаг бус явдал гэж үзнэ. Иймд цаг бол таныг илтгэх чухал үзүүлэлт болохыг санаж явах хэрэгтэй.

Германчууд маш шулуухан харилцдаг хүмүүс. Бусад олон үндэстний хувьд аливааг тойруулах, дөвийлгөх, зөөлрүүлэх хандлага түгээмэл ажиглагддаг байхад, германчууд юу гэж бодож байгаа эсвэл юу хүсэн хүлээж байгаагаа шууд хэлдэг. Жишээлбэл, эмээ өвөөгийнд идсэн үдийн хоол таалагдсан эсэхийг хүлээн авагч гэр бүлийн эзэгтэй чамаас асуулаа гэж бодъё. Ази юмуу өмнөд америк бүсгүйн хувьд та ”өвөрмөц бас амттай байсан.” гэж эелдгээр хэлэх байх. Герман хүн бол хоол өөрт нь таалагдаагүй тухай шууд хэлнэ. Бас нэгэн жишээ хэлэхэд “Амьдрал хэр байна даа?” гэдэг асуулт бол дэлхийн хаа сайгүй эелдэг байх үүднээс хэлдэг мэндчилгээний нэг хэлбэр бөгөөд “Сайн.” гэсэн товчхон хариулт байхад хангалттай байдаг. Харин Герман хүн энэ асуултын хариулт болгож эрүүл мэнд, мөнгө санхүү, гэр бүлийн асуудлаа нарийвчлан өгүүлэх болно.

Хүлээн авагч гэр бүл та нарын хоорондын харилцаа нээлттэй, илэн далангүй шударга байх хэрэгтэй. Бусадтай хамтран амьдрахад аливаа зүйлийг тойруулах, нуух, хэлэхгүй өнгөрөхөөс зайлсхийх нь хамгийн чухал.

Германд бүх юм цэвэрхэн, арчилж тордсон эмх цэгцтэй байгааг ажигласан нь лавтай. Гудамж, талбай, онгоцны буудал, галт тэрэгний буудал, биеийн тамирын талбай, сургуулиудын дийлэнх нь тун цэвэрхэн. Германчууд ч үүндээ дуртай. Гэрээ орноо  эмхэлж цэгцэлж, цэмцийтэл угааж цэвэрлэнэ. Таны амьдарч байгаа гэр бүл ч бас өрөө болон орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгаж, гал зуух, угаалгын өрөөний ариун цэврийг зүй зохистой сахихыг хүсэх болно. 

Германчуудын зан төлөвийн талаар үргэлжлүүлэн ярьвал хэт урт зүйл болно. Аяндаа та өөрөө германчуудын нийтлэг дүр төрхийн талаар маш их зүйл мэддэг болно. Заримыг нь сайшааж, заримыг нь шүүмжлэх байх. Соёлын шинж чанарыг сайн ба муу гэж үнэлж болохгүй. Харин бусад үндэстнийхтэй харьцуулснаар соёл “өөр, өөр“  болохыг нь мэдэх болно.

 

Erscheinungsbild/Харагдах байдал

Германд хүний харагдах байдал маш чухал. Дэлхий ертөнцийн хаа сайгүй л тийм байдаг шүү дээ. Хэрхэн биеэ авч явж, хэрхэн хувцаслаж байгаа нь тухайн хүнийг тодорхойлдог.  Ихэнх хүлээн авагч гэр бүл дундаж давхаргад хамаарна. Эцэг эх нь сурч боловсорсон соёлтой хүмүүс байдаг учраас тэд хүүхдүүдээ болон өөрсдийгөө энэ байдалдаа нийцүүлэн хувцасладаг. Энд бренд хувцас өмсөхийг ярьж байгаа юм биш, харин цэвэр, цэмцгэр, арчаатай байдлын талаар өгүүлж байгаа юм. Хүүхэд асрагчийн хувьд тэдний жишээг дагах хэрэгтэй. Хайш яaш, дур хүсэл өдөөх хувцас, хэт хурц, тод будалт, өндөр өсгийтэй гутал, бие барьсан хувцсыг германчууд ихэвчлэн сөргөөр үнэлдэг. Тиймээс хувцаслалтандаа онцгойлон анхаарах шаардлагатай.

Konflikte /Зөрчил, маргаан

Хүмүүс хамт ажиллаж, амьдраад эхлэхээр хаа сайгүй л зөрчил маргаан гардаг. Үүнийг өөрийн гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсдын хүрээллээс бүгд мэднэ.  Айлд амьдарч эхэлснээр жижиг сажиг асуудлууд дахин дахин тохиолдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол тун хэвийн зүйл. Шалтгаан нь ихэвчлэн буруу ойлголцол, болсон явдалд дургуйцсэн тухайгаа илэрхийлж хэлж ярилцаагүйд байдаг юм. Иймд асуудлыг ний нуугүй ярилцах хэрэгтэй бөгөөд энэ нь жижиг том зөрчил болон бүр муугаар бодоход айхтар хэрүүл маргаанд хүрэхээс сэргийлдэг.

Хүүхэд асрагч болон угтагч гэр бүлийн харилцаа их төвөгтэй. Чи тухайн айлд гэр бүлийн гишүүн шиг бараг ижил эрхтэй амьдарна. Бусад гэр бүлийн гишүүдийн адил эрх, үүрэг чамд бий. Гэхдээ хүүхэд асрагчийн хувьд бол зөвхөн удаан хугацааны зочин байна гэсэн үг. Өөрийн гэр бүлээс мэдэрдэг болзолгүй хайр, халамжийг шаардаж болохгүй. Аав хүн гэртээ хийх үүрэгт ажлаа цалгардуулсан хүүгээ гэрийн ажилд  туслуулахаар авч ирсэн хүүхэд асрагчаас илүү амархан уучлах байх. Хүлээн авагч гэр бүлдээ тав тухгүй, өөртөө итгэлгүй байгаа бол, ямар нэгэн зүйл таалагдахгүй, бухимдаж байгаа бол гэрийн эздэд хэлэх хэрэгтэй. Ярилцах замаар маш олон асуудлыг шийдвэрлэж болдог. Чамайг зовоож байгаа нөхцөл байдал гэр бүлийн дотор шийдэгдэх боломжгүй гэж үзэж байвал агентуртайгаа холбогдож асуудлаа тайлбарлах хэрэгтэй. Хамтдаа нэг шийдэлд хүрч л таарна.

Geld/ Мөнгө

Айлд ажилласан цалин буюу халаасны мөнгө болох 260 еврог сар бүр авна. Ихэнх хүлээн авагч гэр бүлүүд чамтай хамт орон нутгийн банкинд очин нэр дээр чинь данс нээлгэдэг. Халаасны мөнгийг бөөнөөр нь юмуу хоёр хуваан данс руу чинь шилжүүлнэ. Банкны картаараа автомат мөнгөний машинаас бэлэн мөнгө авч болно. Халаасны мөнгө бол чиний хувийн хэрэглээний зардалд зориулсан мөнгө тул чөлөөт цаг болон зарим шаардлагатай зүйлдээ зарцуулаарай:

  • Амралт, зугаалга
  • Ресторан, кафе, бараар үйлчлүүлэх
  • Үзвэрийн билет
  • Унааны зардал
  • Хэлний курс
  • Косметик
  • Хувцас
  • Гар утас
  • Аялал гэх мэт.

Хүлээн авагч гэр бүл хоол хүнс, эрүүл мэндийн даатгал, хэлний курсэд очих унааны зардал зэргийг хариуцна. Мөнгөө нарийн хуваарилж, бэлэн мөнгөгүй болохгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Түрийвчиндээ байнга бага зэргийн мөнгө авч явах хэрэгтэй шүү.

Telefon/Суурин утас

Суурин утсыг нь хэзээ, хэр удаан хугацаагаар ашиглаж болох талаар тухайн айл чинь чамтай ярилцаж тохирно. Зарим айл герман суурин утас руу ярих багцтай байдаг бөгөөд улс дотор хязгааргүй ярихыг зөвшөөрдөг. Гэхдээ хөдөлгөөнт буюу гар утас руу хязгааргүй ярина гэсэн үг биш шүү. Гар утсаар ярих нь харьцангуй үнэтэй. Гадаад руу утсаар ярихад аль улс гэдгээс хамааран боломжийн үнэ санал болгодог үүрэн утасны операторууд байдаг. Тиймд өмнө нь тодорхой дугаар хийж залгах шаардлагатай. Хэр удаан хугацаагаар, хэдийд гэр лүүгээ залгаж болохыг байгаа айлтайгаа ярьж тохироорой. Германаас өөртөө гар утас худалдаж авч бас болно. Гэхдээ аль нь хамгийн боломжтойг нь асууж тодруулах хэрэгтэй. Гар утсаар гадаад руу залгах нь үнэтэй учир хамгийн тохиромжгүй хувилбар.

Германы утасны дугаар дараах бүтэцтэй: Хот, суурин бүр 0-ээр эхэлсэн өөрийн гэсэн кодтой. Жишээ нь Мюнхенийн код 089. Энэ кодын араас 4-7 орон бүхий хэрэглэгчийн дугаар байна. Хэрэв хот, суурин дотор буюу адил кодтой дугаар луу залгах бол хэрэглэгчийн дугаарыг хийхэд л хангалттай. Гар утасны дугаар дандаа 01-ээр эхэлнэ.  Гадаадаас герман луу залгах бол улсын код болох 0049 дугаарыг хийж(Америк, Канадаас бол 01149), хотын кодын эхний 0-ийг хасаж залгана. Гэр лүүгээ залгах бол өөрийн улсынхаа кодыг хийх шаардлагатай.

Internet/ Интернет

Бараг бүх герман айл гэртээ интернет холбуулсан байдаг. Гэвч энэ нь та тухайн айлын компьютерийг хязгааргүй ашиглаж болно гэсэн үг биш. Хэзээ, хэр удаан хугацаагаар компьютерийг нь ашиглаж болох талаар хүлээн авагч эцэг эхтэйгээ ярилцан тохирох хэрэгтэй. Тухайн гэр бүлийн хувийн болон ажлын холбогдолтой зүйлс, баримт бичиг компьютерт нь хадгалаатай байгаа тул маш хянуур, болгоомжтой байх хэрэгтэйг санаарай. Үүнээс гадна маш сайн мэдэж байх ёстой өөр нэг зүйл бий.

Таны Германд байгаа зорилго чинь шинэ орчин нөхцөлд орж, таньж мэдэхгүй, олон шинэ соргог зүйлтэй танилцах, найз нөхөдтэй болох, хэлээ сайжруулах явдал юм. Хэрвээ олон цагаар гэр бүл, эх орондоо байгаа найз нөхөдтэйгөө харилцах зорилгоор инернет болон мэдээллийн хэрэгслийг ашиглаж байгаа бол германд тийм амар хөлөө олж чадахгүй шүү. Хэдэн цагаар интернет ашиглах нь тухайн айлынхаа гэр бүлийн гишүүн буюу германы нийгмийн нэг бүрэлдэхүүн болоход чинь саад болно.  Жишээ нь: Зочин айлынхаа хүмүүстэй оройн хоол хамт идэхийн оронд нутагтаа байгаа найзтайгаа чатлаад суугаад байвал, тэд чамайг  өөрийн эх орны нийгэмд харилцахыг илүүд үзэж байна гэж ойлгох болно. Хэрэв та зүрх сэтгэл, ой ухаанаараа эх орондоо байгаад байвал германд дасан зохицож, нийгмийн амьдралд оролцож чадахгүй. Тэгэхээр, гэр бүл, найз нөхөдтэйгөө холбогдох цагаа долоо хоногт нэгээс хоёр цагаар багасгахыг хичээгээрэй. Нийгмийн сүлжээг зөв зохистой хэрэглэх танд хэрэгтэй гэдгийн санахад илүүдэхгүй юм.

Шинэ зүйлтэй танилцах, өөр орны хүмүүс, соёл зан заншилтай танилцах боломжийг ашиглан, сайхан зүйлээс таашаал авах хэрэгтэй. Интернет бол хэлний курс, болох арга хэмжээ,  галт тэрэгний холболт, хуваарь, хаяг зэргийг хайж олоход маш тустай мэдээллийн хэрэгсэл юм. Хүлээн авагч гэр бүлээсээ компьютерийг нь ашиглаж болох эсэх, тийм бол хэзээ боломжтойг асууж тодруулаарай. Хэрэв зочин айлдаа интернет ашиглах боломжгүй бол ойр хавьд чинь нийтэд зориулсан интернет орох боломж байж л таарна. (Жишээ нь: интернет кафе, номын сан, албан бус боловсролын төв зэрэг).

Sprachkurs/ Хэлний курс

Герман улсад хүүхэд асрагчаар ажиллах хугацаандаа герман хэлний курсэд суралцах боломжтой. Таны амьдарч байгаа айл чинь ойр хавийн герман хэлний курсуудын талаар мэдээлэл цуглуулсан байна. Хэлний курсийн төлбөрийг өөрөө төлөх ёстой бөгөөд зарим айл тодорхой хувийг нь юмуу бүр бүтнээр нь төлөх тохиолдол ч бий. Том хотуудад хэлний сургалт явуулдаг янз бүрийн хүрээлэнгүүд байдаг. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг герман хэлний сургалт явуулдаг байгууллага бол Гёте институт юм. Тус институтын курсүүд үнэтэйгээс гадна эрчимжүүлсэн байдаг. Мөн ихэнх хувийн хэвшлийн хэлний сургалт явуулдаг институтууд ч хүүхэд асрагчдад тохиромжгүй байдаг. Ер нь хүүхэд асрагч нар албан бус боловсролын төвийн герман хэлний сургалтанд хамрагддаг. Тухайн боловсролын байгууллагын том жижгээс хамаараад янз бүрийн шатлалаар, өөр өөр хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулдаг. Улирлын төгсгөлд албан ёсны төвшин тогтоох шалгалт өгөх боломжтой. www.vhs.de  холбоосоор орж ямар албан бус боловсролын төв танд хамгийн тохиромжтой вэ гэдгийг харж болно.

 

Feiertage und Feste/Баяр өдрүүд болон баяр ёслолууд

Хуулиар тогтоосон тэмдэглэлт өдрүүдэд Германд албан байгууллага, банк, дэлгүүр ажиллахгүй. Супермаркет ч онгойхгүй. Энэ өдрүүдийг Герман айлууд аялал зугаалга, гэр бүл, найз нөхөд, хамаатан садныхаараа зочлох зэргээр өнгөрөөдөг. Зул сар, улаан өндөгний баяр нь христийн шашинтай холбоотой баярууд учир бараг бүх айл уламжлалын дагуу тэмдэглэнэ. Эдгээр өдрүүдэд чи ч бас амрах эрхтэй бөгөөд хэрэв айлдаа туслах шаардлага гарсан бол дараа нь нөхөн амрах ёстой.

Герман даяар тэмдэглэдэг баяр, тэмдэглэлд өдрүүд:

  • Шинэ жил -1-р сарын 1
  • Гурван мэргэний өдөр -1-р сарын 06 (Зарим мужид тэмдэглэдэггүй)
  • Сайн баасан гараг, Улаан өндөгний баярын ням гараг болон Улаан өндөгний баярын даваа гараг
  • 5-р сарын баяр (Ажил хөдөлмөрийн өдөр) 5-р сарын 1
  • Христ тэнгэрт хальсан өдөр
  • Пфингстений ням гараг, Пфингстений даваа гараг (Пфингстен-улаан өндөгний баярын ханш нээх өдөр, Орч.)
  • Фронлайхнам (Улаан өндөгний баярын дараа ханш нээх хоёр дахь пүрэв гарагт тохионо. Орч. )
  • Германы эв нэгдлийн өдөр. 10-р сарын 3
  • Ариун гэгээнтний өдөр. 11-р сарын 1 (зарим мужид тэмдэглэхгүй)
  • Зул сарын баярын битүүний орой. 12-р сарын 24-ний 12.00 цагаас эхэлнэ.
  • Зул сарын баярын нэгэн, хоёрон. 12-р сарын 25, 26
  • Жилийн сүүлийн өдөр буюу битүүн. 12-р сарын 31. 12.00-ний 12.00 цагаас эхэлнэ.

Баяр

Германчууд баярлах дуртай, нөхөрсөг ард түмэн бөгөөд өөрийн бүс нутгийн цаг үеийн онцлогтой баяр, тэмдэглэлт арга хэмжээний хүрээнд нийлэн хөгжилдөх тун дуртай хүмүүс. Христийн шашны баяраас гадна үндэсний баярууд ч байхаас  гадна бүс нутаг, улирлаас хамааралтай уламжлалт баяр,  тэмдэглэлт өдрүүд байдаг.

 

Карнавал буюу багт наадам  

Энэхүү баяр нь маш эртний уламжлалтай бөгөөд ялангуяа Райнланд болон Германы католик шашинтай бүс, мужуудад тэмдэглэдэг. Төв цэгүүд нь Майнц, Кёлн, Дюсельдорф болон Бонн хотууд болно. Розенмонтак буюу Сарнайн даваа гарагт гудамжаар том том багт наадмын цуваа хөвөрнө. Хүмүүс үндэсний болон алиа марзан хувцас өмсөж, баг зүүн зүсээ хувиргаад баярын цуваанд оролцохоор явна.

Сүмийн мялаалга ба жилийн яармаг

Герман даяар хавраас намар хүртэлх хугацаанд маш олон тооны нийтийг хамарсан баяр болдог. Эдгээр нь нэг хагас бүтэн сайн юмуу, бүтэн долоо хоногоор үргэлжлэх бөгөөд хотын төв юмуу баяр наадмын талбайд болно. Буудлага болон азын сугалааны мухлагууд ажиллаж, морин тойруулга, галзуу хулгана, алсыг харагч, аймшгийн агуйгаар аялах зэрэг тоглоом тоглож болно. Зуушны газрууд ойр зуурын амттан зардаг. Задгай тайз болон асар майхнуудад амьд хөгжим эгшиглэнэ. Сүмийн адислал буюу Кирхвай бол хөдөө нутагт маш чухал зүйл юм. Баярын цуваа гарч, орон нутгийн нийгэмлэг холбоод баяр, наадам зохион байгуулдаг.

Дарсны баяр

Германы усан үзмийн тариалангийн бүс нутгуудад 5-р сараас 11-р сарын хооронд дарсны болон усан үзэм тариаланчдын баяр болдог. Ялангуяа Райн, Мозел, Майн зэрэг том гол, мөрны сав нутгийн усан үзэм тариаланчид болон усан үзмийн аж ахуй эрхлэгчид олон нийтэд зориулсан талбай дээр лангуугаа босгон дарс болон бүс нутгийн амттанаар үйлчилдэг. Тус баярын хөтөлбөрт амьд хөгжим багтах ба олон бүс нутагт дарсны хатан хаан шалгаруулдаг байна.

Октоберфест буюу шар айрагны баяр

Германы хамгийн алдартай, хамгийн том ардын баяр бол Мюнхен хотын Октоберфест буюу шар айрагны баяр бөгөөд тус баярыг “Вийзн” ч гэж нэрлэдэг. Зургаан сая гаран зочин том том крушка шар айраг ууж, шарсан тахиа, брецель нэртэй мушгиа боов идэхээр жил бүр Мюнхен хотын төв дэх Терезийн талбай рүү ирдэг. Асар том баярын талбай дээр явуулын худалдаагаар үйлчлүүлж, гайхалтай сонин явуулын үзүүлбэр үзэж болно. Баярын хөтөлбөрт шар айраг үйлдвэрлэгчдийн орж ирж буй цуваа, үндэсний хувцас, буудлагын цуваа болон сүмийн найрал дуучдын концерт багтана.

Шар айрагны баярын ихэнх зочид үндэсний уламжлалт хувцас өмсдөг ба бүсгүйчүүд дирндлээрээ (өмнөд герман, австрийн эмэгтэй хүний үндэсний хувцас, орч.) гоёж, эрчүүд савхин өмдөө өмсөж ирдэг.

Зул сарын баярын зах

11-р сарын сүүлчээс эхлэн зул сарын баяр хүртэл маш олон хотод зул сарын баярын зах гардаг. Дахин давтагдашгүй өвөрмөц байдлаараа энэхүү зах нь зул сарын баярт өнгө үзэмж нэмнэ. Лангуунууд зул сарын чимэглэл, лаа, гоёл чимэглэлийн зүйл, тоглоом болон маш олон зүйл зардаг. Мухлагууд халуун дарс, амталсан талх, мөөхий боов, туулайн бөөрний самар,  хуурсан бүйлс зардаг. Зул сарын баярын хөгжим эгшиглэж, сэтгэл татам анхилуун үнэр ханхална.