Typisch Deutsch/ Германчуудын нийтлэг дүр төрх, зан чанар
Эх орондоо байхдаа л та герман хүмүүсийн талаар тодорхой төсөөлөлтэй болсон байх. Герман хүмүүсийн тухай хэвшмэл ойлголтоор тэд бол эмх цэгцтэй, зорилгодоо тууштай, цаг баримталдаг, цэвэрхэн, ажилч хичээнгүй. Энд германчуудын харилцааны нийтлэг арга барилын талаар зарим жишээг өгөх боломжтой. Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой, нэг хэвэнд цутгасан юм шиг амьдрахгүй гэдэг нь мэдээж. Гэхдээ германчуудын хаа сайгүй тохиолддог, маш нийтлэг дүр төрх, үйлдлүүд байна.
Эдгээр шинж чанар гэр бүлийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
Германчууд цагтай уралдаж амьдардаг. Германд нийтийн тээврийн хэрэгслийн явах цагийн хуваарь минутаар төлөвлөгдсөн байдаг бөгөөд түүнийгээ бодит байдал дээр ягштал баримталдаг гэж зарим гадаад хүн гайхдаг.
Уулзахаар тохирсон цагийг таван минутын өмнө ирэх зэргийг нарийн баримтална. Ажил мэргэжлийн хүрээнд цаг баримтлахгүй байхыг огт хүлээн зөвшөөрдөггүй. Хувийн чанартай арга хэмжээ, урилга, болзоо зэрэгт цагаасаа хоцорч ирэхийг бүдүүлэг, найрсаг бус явдал гэж үзнэ. Иймд цаг бол таныг илтгэх чухал үзүүлэлт болохыг санаж явах хэрэгтэй.
Германчууд маш шулуухан харилцдаг хүмүүс. Бусад олон үндэстний хувьд аливааг тойруулах, дөвийлгөх, зөөлрүүлэх хандлага түгээмэл ажиглагддаг байхад, германчууд юу гэж бодож байгаа эсвэл юу хүсэн хүлээж байгаагаа шууд хэлдэг. Жишээлбэл, эмээ өвөөгийнд идсэн үдийн хоол таалагдсан эсэхийг хүлээн авагч гэр бүлийн эзэгтэй чамаас асуулаа гэж бодъё. Ази юмуу өмнөд америк бүсгүйн хувьд та ”өвөрмөц бас амттай байсан.” гэж эелдгээр хэлэх байх. Герман хүн бол хоол өөрт нь таалагдаагүй тухай шууд хэлнэ. Бас нэгэн жишээ хэлэхэд “Амьдрал хэр байна даа?” гэдэг асуулт бол дэлхийн хаа сайгүй эелдэг байх үүднээс хэлдэг мэндчилгээний нэг хэлбэр бөгөөд “Сайн.” гэсэн товчхон хариулт байхад хангалттай байдаг. Харин Герман хүн энэ асуултын хариулт болгож эрүүл мэнд, мөнгө санхүү, гэр бүлийн асуудлаа нарийвчлан өгүүлэх болно.
Хүлээн авагч гэр бүл та нарын хоорондын харилцаа нээлттэй, илэн далангүй шударга байх хэрэгтэй. Бусадтай хамтран амьдрахад аливаа зүйлийг тойруулах, нуух, хэлэхгүй өнгөрөхөөс зайлсхийх нь хамгийн чухал.
Германд бүх юм цэвэрхэн, арчилж тордсон эмх цэгцтэй байгааг ажигласан нь лавтай. Гудамж, талбай, онгоцны буудал, галт тэрэгний буудал, биеийн тамирын талбай, сургуулиудын дийлэнх нь тун цэвэрхэн. Германчууд ч үүндээ дуртай. Гэрээ орноо эмхэлж цэгцэлж, цэмцийтэл угааж цэвэрлэнэ. Таны амьдарч байгаа гэр бүл ч бас өрөө болон орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгаж, гал зуух, угаалгын өрөөний ариун цэврийг зүй зохистой сахихыг хүсэх болно.
Германчуудын зан төлөвийн талаар үргэлжлүүлэн ярьвал хэт урт зүйл болно. Аяндаа та өөрөө германчуудын нийтлэг дүр төрхийн талаар маш их зүйл мэддэг болно. Заримыг нь сайшааж, заримыг нь шүүмжлэх байх. Соёлын шинж чанарыг сайн ба муу гэж үнэлж болохгүй. Харин бусад үндэстнийхтэй харьцуулснаар соёл “өөр, өөр“ болохыг нь мэдэх болно.
Erscheinungsbild/Харагдах байдал
Германд хүний харагдах байдал маш чухал. Дэлхий ертөнцийн хаа сайгүй л тийм байдаг шүү дээ. Хэрхэн биеэ авч явж, хэрхэн хувцаслаж байгаа нь тухайн хүнийг тодорхойлдог. Ихэнх хүлээн авагч гэр бүл дундаж давхаргад хамаарна. Эцэг эх нь сурч боловсорсон соёлтой хүмүүс байдаг учраас тэд хүүхдүүдээ болон өөрсдийгөө энэ байдалдаа нийцүүлэн хувцасладаг. Энд бренд хувцас өмсөхийг ярьж байгаа юм биш, харин цэвэр, цэмцгэр, арчаатай байдлын талаар өгүүлж байгаа юм. Хүүхэд асрагчийн хувьд тэдний жишээг дагах хэрэгтэй. Хайш яaш, дур хүсэл өдөөх хувцас, хэт хурц, тод будалт, өндөр өсгийтэй гутал, бие барьсан хувцсыг германчууд ихэвчлэн сөргөөр үнэлдэг. Тиймээс хувцаслалтандаа онцгойлон анхаарах шаардлагатай.