Соёлын цочрол /Kulturschock
Гадаад оронд тодорхой хугацаанд, гадны хүмүүстэй амьдарч үзсэн хүн бүр соёлын цочролыг мэднэ. Соёлын цочрол гэж байдаг, гадагшаа аялаж байгаа хүн бүрт тохиолддог зүйл гэдгийг мэддэг байх нь тустай. Соёлын цочрол янз бүрийн үе шатаар явагдана. Тухайлбал,
Тулгараад буй нөхцөл байдалд дасан зохицож, ачаалал, бэрхшээлийг даван туулж чадах эсэх дээр итгэлгүй байгаа учир эхэндээ бухимдаж буйгаа мэдэрнэ.
Дараа нь гэр бүл найз нөхөд, танил дасал болсон орчин, эх орондоо байхад байсан байр суурь үгүйлэгдэнэ.
Ихэвчлэн эс хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөгдөх мэдрэмж бий болно. Тухайн соёлоор харилцагчид чамайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм шиг мэдрэмж төрөх, эсвэл чи тэднийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас тэр.
Яваандаа гадны нийгэмд эзлэх байр суурьтаа эргэлзэж эхэлдэг. Чамд төрж буй тухайн үеийн мэдрэмжийг өөрийн мөн чанартай холбон, өөрийн орны соёлыг харийн соёлтой шүүмжлэлтэй байдлаар харьцуулдаг байна.
Соёлын ялгааны асар том зөрүүтэй байдлыг анзаарсны дараа чамд гайхаж балмагдах, айх, зэвүүцэх мэдрэмж төрнө.
Шинэ орчин нөхцөлд дасан зохицож, учир зүйгээ олж чадахгүй нь гэсэн бодлын үр дүнд сэтгэлээр унаж эхэлнэ.
Соёлын цочрол иймэрхүү байдлаар явагдах бөгөөд ихэнх хүүхэд асрагчид хөнгөн хэлбэрээр илэрдэг. Гэхдээ хүүхэд асрагч болон хүлээн авагч гэр бүл гадаад улс руу тодорхой хугацаагаар аялаж байгаа бараг бүх хүнд ийм мэдрэмж төрдөг бөгөөд, хэвийн үзэгдэл гэдгийг ойлгож сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Соёлын цочролд өртөхийн хажуугаар шинэ сонин зүйл үзэж, нээж байгаадаа баярлах мэдрэмж төрөх нь гарцаагүй. Герман улсад ирж, огт өөр амьдралыг үзэж туулах том алхам хийсэндээ баярлаж, өөрөөрөө бахархах болно.
Айх хэрэггүй дээ. Герман хэлээр илүү сайн ойлгож, ярьж чаддаг болоод ирэхээр маш олон зүйл танд амархан санагдаж хэдхэн долоо хоногийн дараа соёлын цочролыг амжилттай даван туулсан байх болно. Хэсэг хугацааны дараа хүлээн авагч гэр бүл хэрхэн амьдардаг, чамаас юу хүсэн хүлээж байгаа, юу бодож байгаа талаар ойлгож мэдсэн байх болно. Мөн хүрээлэн байгаа орчин, үе тэнгийн хүмүүс, хэлний курсийнхэнтэй танилцаж нөхөрлөж ч болно шүү дээ. Нэг ёсондоо шинэ танилыг хүрээ нэмэгдэж тэр хэрээр нээлттэй, найрсаг, харилцааны соёл нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Ер нь хүлээн авагч гэр бүлд хийж гүйцэтгэх ажил, үүрэг даалгавар болон тэдэнтэй хамтдаа оролцох арга хэмжээ зэргээс шалтгаалан нэг өдөр зай завсаргүй өнгөрнө.
Ингээд шинэ амьдралдаа аажим аажмаар дасах болно. Эхний 4-6 долоо хоногийн турш соёлын цочролд орсон мэдрэмж төрсөөр л байгаа бол эргэлзэх, сандрах хэрэггүй. Өөртөө хугацаа өгөөд түр хүлээ. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд соёлын цочролоос гарсны дараа л чи зорилго чиглэлтэй, өөртөө итгэлтэй, аливааг хийж бүтээхэд бэлэн болох зам руу алхан орох болно. Энэ бүх шинж чанарууд чиний амьдралд насан туршид хэрэг болно.
Гэрээ санах/ Heimweh
Соёлын цочролоос гадна гэрээ санах нь гадаад руу аялаж байгаа хүн бүрт тохиолддог ч сэтгэл өвдөх мэдрэмж дагуулдаг. Эхний үед гэр бүл, найз нөхөд, эх орноо санана. Зарим өдөр бүр илүү их санах нь ч бий. Ийм үед амьдарч байгаа айл болон гадаад ертөнцтэй харьцахад төвөгтэй нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд өрөөндөө шигдээд байлгүй шинэ амьдралдаа зайлшгүй дасан зохицох хэрэгтэй гэж зөвлөх байна. Нэн тэргүүнд гэр бүлийн амьдралд идэвхтэй оролцоорой! Ингэхийн тулд тухайн гэр бүлтэйгээ хамт хооллох нь нэн чухал. Мөн тэднийг дэлгүүр орох, хүнс цуглуулах, ямар нэгэн ажил амжуулахаар гарахдаа дагуулж явахыг хүсвэл боломжийг бүү алдаарай. Энэ нь газар нутаг, ойр орчинтой танилцаж, айлынхаа хүрээллийн хүмүүстэй танилцах боломж олгоно.