Der Tagesablauf/Өдөр тутмын үйл ажиллагаа

Хүүхэд асрагчид тавигдах шаардлага, эрх үүрэг / Aupair-Bedingungen

Хүүхэд асрагчаар германд ажиллахад ямар болзол, шаардлага хангасан байх ёстой хийгээд түүний эрх, үүргийг хүсэлт гаргахаасаа өмнө танилцаж судалсан байх гэж бодож байна. Гэсэн хэдий ч хамгийн чухал эрх, үүргийн талаар тойм мэдээлэл өгөх болно.

Таны эрх/ Deine Rechte

  • Хүлээн авагч гэр бүл дараах зүйлийг биелүүлэх үүрэгтэй:
  • Халаалт, тавилга, өдрийн гэрэл, цоожтой хаалгатай өрөө гаргаж өгөх, угаалгын өрөө ашиглуулах (гэр бүлийн гишүүдтэй хувааж ашиглах боломжтой)
  • Сар бүрийн хэрэглээнд зориулсан халаасны мөнгө буюу 280 евро;
  • Эрүүл мэнд, осол, хувийн хариуцлагын даатгал төлөх;
  • Чөлөөт цаг: Долоо хоногт 1-5 дахь өдрүүдэд дараалан ажиллаж, хамгийн багадаа дөрвөн орой амарна. Үүнээс сард дор хаяж нэг ням гаргийг чөлөөтэй байхаар тохируулна.
  • Ажилласан сар тутамд хоёр өдөр цалинтай амарна. Ням гарагийг амралтын өдөрт тооцохгүй;
  • Германы албан ёсны баярын өдрүүдэд ажиллахгүй;
  • Хэлний курсэд очих унааны зардлыг хариуцна;

Таны үүрэг/ Deine Pflichten

  • Долоо хоногт 30 цаг ажиллах ба 5-6 хоногт ажлын цагийг хуваарилна.
  • Ажлын цагийг тухайн гэр бүлийн өдөр тутмын ажлын шаардлагад нийцүүлэн тохируулна. (хүлээн авагч эцэг эх, сургууль, цэцэрлэгийн ажлын цагийг харгалзана.)
  • Хүүхэд харах, гэрийн ажилд туслах

 

Der Tagesablauf/Өдөр тутмын үйл ажиллагаа

Герман айлууд өдөр тутмын маш эмх цэгцтэй, нарийн төлөвлөгөөний дагуу ажиллаж амьдардаг. Өдөр тутмын амьдрал нь эцэг эх, сургууль цэцэрлэгийн ажиллах цаг, хүүхдийн хийх зүйлийн хуваарь болон хэзээ хүүхдүүдтэйгээ тоглохоор тохирсон зэргээс  хамаарна.  Хүүхэд асрагчийн хувьд тухайн айлын өдөр тутмын үйл ажиллагаатай нарийн холбоотой ажиллана. Эцэг эхийн зүгээс чамаас цагаа нарийн баримтлахыг хүснэ.

Жишээ нь Герман айлын нэг өдөр иймэрхүү байдаг.

  • 6.30 Uhr: Өглөө босох;
  • 7.00 Uhr: Хүүхдэд ариун цэврийн өрөө орох, хувцсаа өмсөхөд нь туслах;
  •     Өглөөний цай бэлтгэн, хүүхдүүдтэй хамт цайгаа уух;
  •      Хүүхдийг сургууль цэцэрлэгт нь хүргэх;
  • 8.30 Uhr: Гал зуухаа цэвэрлэх.
  •      Ороо хураах, гэрийн ойр зуурын ажил хийх;
  • 9.00-12.00: Чөлөөт цаг:  Энэ хугацаанд та хэлний курсдээ явах юм уу, чөлөөт цагаараа хийхээр төлөвлөсөн ажлаа амжуулж болно;
  • 12.00 Uhr: Үдийн хоол бэлтгэх;
  •        Хүүхдийг сургууль, цэцэрлэгээс авах;
  •        Хүүхэдтэй цуг үдийн хоол идэх;
  •        Хүүхэд харах, анхаарал халамж тавих;
  • 16.00 Uhr: Таны чөлөөт цаг эхэлнэ.

Энэ жишээнд дурдсанаар танд өглөөгүүр ажлын хоёр цаг, үдээс хойш дөрвөн цаг байна. Нийт зургаан цаг. Таны ажлын цаг болон хийх зүйлс нь тухайн айлын өдөр тутмын ажлын төлөвлөгөөнөөс шууд хамаарна. Өглөө хоёр цаг, үдэд хоёр цаг, орой хоёр цаг ажиллах хуваарь ч гарч болно. Эсвэл үдээс хойш ч ажиллах магадлалтай. Өдөрт тавхан цаг ч ажиллаж болно. Энэ тохиолдолд долоо хоногт ажлын таван өдөр ажиллана гэсэн үг. Энэ бүхэн эцэг эх, сургууль цэцэрлэгийн ажлын цагаас хамаарна.

Тухайн гэр бүлийн ажлын цаг тэр бүр нарийн баримтлагдахгүй байх тохиолдол бас гарна. Эцэг эх оройтож ирэх, эсвэл ямар нэг гэнэтийн шаардлагаас шалтгаалан тохирсон цагаас өөр үед хүүхэд харах шаардлага ч гарч болно. Иймэрхүү тохиолдол байнга давтагдаад байхгүй л бол, хүлээн авагч гэр бүлдээ боломж олгон уян хатан байгаарай. Хүлээн авагч эцэг эх чинь ярилцаж тохирсон ажлын нөхцлөөс хэт илүү шаардлага тавих, тусламж дэмжлэг хүсч байгаа юм шиг санагдвал тэдэнтэй илэн далангүй ярилцах хэрэгтэй. Ярилцаад нөхцөл байдал дээрдэхгүй бол агентуртаа хандан тусламж хүсч болно.

 

Regeln in der Gastfamilie / Хүлээн авагч гэр бүлийн дүрэм

Айл бүрт гэр бүлийн гишүүдэд зориулсан тогтсон дүрэм бий. Үүнд нэн тэргүүнд хоорондоо харьцах өнгө аяс зүй ёсоор орно.

  • Тааралдахдаа бие биетэйгээ байнга мэндлэх нь герман гэр бүлийн хувьд энгийн үзэгдэл. Өглөө бүр “Өглөөний мэнд.” хэмээн эелдгээр мэндлэх нь  стандарт мэндчилгээ бөгөөд тухайн өдрийг хамтдаа сайхан өнгөрүүлэх эхлэл болно. “Зүгээр.”, „Баярлалаа”, „Сайхан хооллоорой!”, „Уучлаарай" эсвэл „Өдрийн мэнд!”, „Дараа уулзталаа баяртай." зэрэг хэллэг нь хүн бүрийн  санаж явах ёстой харилцааны эелдэг үгс юм.
  • Бас нэгэн тогтсон дүрэм бол гэрээс гарахдаа явлаа гэдгээ болон хэзээ эргэж ирэхээ урьдчилж хэлэх явдал юм.
  • Тухайн өдрийг хэрхэн өнгөрөөх, юу хийх, хэн ямар ажил хариуцахыг ярилцан, гэр бүлийн гишүүд өөр өөрийн хариуцсан ажлыг аль болох бүрэн дүүрэн хийж гүйцэтгэхийг хичээх ёстой.
  • Ихэнх айл гэр бүлийн гишүүн бүр хувийн эд зүйлээ гэрийн хаа таарсан газраа тавих, үлдээхгүй байх тал дээр анхаардаг. Хэрэглэсэн аяга тавгаа хураах, угаах хэрэгтэй. Жаахан хүүхдэд тавигдах шаардлага мэдээж өөр байна.

Тухайн гэр бүлийнхээ хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд хэзээ ч бүү өгӨөрөөр хэлбэл хүлээн авагч гэр бүлийнхээ хувийн мэдээллийг интернет сүлжээнд тавихыг (Skype™, Facebook®, MSN®, Twitter™, Orkut, ICQ гэх мэт.) хориглоно.  

Зочин хүлээж авах бол хүлээн авагч эцэг эхтэйгээ ярилцаж тохирох хэрэгтэй. Найз чинь чамтай уулзахаар зочин айлд чинь ирэх бол тэднийг хооронд нь таницуулаарай. Зарим тохиодолд биеэ яаж авч явах, аливаа зүйлийг хэрхэн хийхээ мэдэхгүй болон эргэлзэж байгаа бол гэрийн эздээс шууд асуугаарай. Зарим жишээ дурдахад: Би хөргөгчнөөс өөрөө юмаа аваад хэрэглэж болох уу? Утас дуугарвал харилцуур авч болох уу? Зурагтыг өөрөө асаагаад үзэж болох уу? Гэрээс гарах бол зурагтыг унтраагаад гарч болох уу? гэх мэт.

 

Aufgaben/Үүрэг даалгавар

Хүүхэд асрагчийн өдөр тутмын ажил үүрэг янз бүр байдаг. Учир нь таны ажил эцэг эхийн цагийн хуваарь, хэрэгцээ шаардлага, амьдралын хэв маягаас бүрэн хамааралтай. 

Хүүхэд асрагчийн нийтлэг үүрэг, даалгавар:

  • Хүүхэд харах : Дийлэнх айлын хувьд хүүхэд асрагчийн үндсэн үүрэг бол хүүхэд харах.  Иймээс чи хүүхдэд анхаарал халамж тавих, аюулгүй байдлыг хангах асуудлыг хариуцана гэдгээ маш сайн мэдэж байх ёстой. Илүү дэлгэрэнгүйг “Хүүхэд” гэдэг бүлгээс харна уу?
  • Хоол, хүнс бэлтгэх: Германчууд ер нь өдөрт гурван удаа хооллодог. Өглөөний цайнд ихэвчлэн жимсний чанамал, шоколадны крем, шинэхэн бяслаг түрхсэн юмуу, зайдас, бяслагаар хачирласан талх, заримдаа үр тарианы нунтаг буюу мюсли иднэ. Үдийн хоол бол халуун хоолны цаг. Хүүхдүүд гоймонтой хоол, өндгөн жаврай, мах, будаа, ногоо, шөл идэх маш дуртай байдаг. Хялбархан бэлтгэж болох олон хоол бий. Хүлээн авагч эцэг эх чинь хэрхэн хийхийг нарийн тайлбарлаж өгнө.
  • Гэр орныг эмх цэгцтэй байлгах: Өрөөнүүдийг цэвэрлэх, тоос соруулах, цэцэг услах, ойр зуурын цэвэрлэгээ хийх болон гал зуухны өдөр тутмын цэвэрлэгээ, угаалгын машинд угаах зүйл хийх, гаргаж хатаах зэргийг хамруулан ойлгоно.
  • Угаах зүйл: Хүлээн авагч эцэг эх тань хувцас угаах ажилд туслахыг хүсч болно. Бүх айл угаалгын машинтай ба ихэвчлэн хатаагч машинтай байдаг. Угаалгын машинд угаах зүйлийг хийж, гаргаж хатаах юмуу автомат хатаагчид хийнэ. Зарим хувцсыг индүүдэн хувцасны шүүгээнд хийх ёстой.
  • Гэрийн тэжээмэл амьтан: Герман айлууд муур, нохой гэртээ тэжээх нь түгээмэл үзэгдэл. Тэдгээр амьтдыг хооллох, нохой салхилуулах зэрэг ажлыг өөрт тань даалгаж болох юм.
  • Хувийн орон зай: Амьдардаг өрөө, угаалгын өрөө, угаах юм болон хувийн эд зүйлсээ эмх цэгцтэй байлгах нь мэдээжийн хэрэг. Өрөө чинь эмх цэгцгүй, бохир заваан байхад ямар ч айл дуртай байхгүй.  Хувийн ариун цэврийг сайтар сахих, цэвэр цэмцгэр хувцаслах нь зайлшгүй тавигддаг шаардлагууд юм.

 

Was nicht zu deinen Aufgaben gehört/ Чиний хийх ёсгүй ажлууд

  • Айлын гэрийг тэр чигээр нь цэвэрлэх
  • Айлын гэрийг бүхэлд нь буюу бүх өрөө тасалгааг цэвэрлэх нь чиний ажил, үүрэгт орохгүй. Шал арчих, ариун цэврийн өрөө буюу 00, угаалгын өрөө цэвэрлэх болон цонх арчих зэрэг ажлыг хийх шаардлагагүй.
  • Ахмад настан асрах
  • Гэрт хамт амьдарч байгаа ахмад настай хүнийг асарч тойглох ажил таны үүрэг биш шүү.
  • Гэр бүлээс гадуурх ажил үүрэг
  • Хүлээн авагч гэр бүл чамайг гэр бүлээс гадуурх ажил хийлгэх эрхгүй. Жишээ нь тухайн гэр бүлийн компанид ажиллах юмуу, хөршийн гэр цэвэрлэх зэрэг.

 

KINDER/ Хүүхэд

Хүүхэд бол тухайн гэр бүлийн хамгийн чухал нь хүн. Хүүхдийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлага бүхнээс дээгүүр тавигдана. Хүүхэд асрагчийн ажлын аз жаргалтай мөчүүдийн нэг бол хүүхэдтэй чөлөөтэй, илэн далангүй, энгийн харилцахад оршино. Гэхдээ энэ нь маш олон хүчин зүйлээс шалтгаална.

Хүүхдийн амьдралд та чухал байр суурь эзлэх хүн учраас, тэдэнтэй харьцахад нэг талаас маш нарийн мэдрэмж шаардана. Нөгөө талаас гэр бүлийн том жижиг гишүүдийг цовоо сэргэлэн бөгөөд чин сэтгэлээсээ асарч тойлох, анхаарал халамж тавих шаардлага гарч ирнэ. Хүүхэд харах тал дээр маш том хариуцлага үүрэх бөгөөд түүний зэрэгцээ чин сэтгэлийн, найзархаг харилцаа тогтоох хэрэгтэй. Хүүхдийн эцэг эх таниас юу хүсэн хүлээж байгаа болон хүүхэд ямар дадал зуршилтай болохыг сайн мэдэхгүй учраас эхэндээ өөртөө итгэлгүй байж болно. Хэсэг хугацааны дараа герман эцэг эх хүүхдээ танай орны эцэг эхчүүдээс өөрөөр хүмүүжүүлдэг болохыг мэдэж авна. Энэ бол соёлын солилцооны туршлагатай холбоотой ялгаа юм. Ихэнх герман эцэг эх хүүхдээ нарийн дүрэм журмын дагуу хүмүүжүүлэхээс зайлсхийдэг. Хүмүүжлийн чиглэл нь хүүхэд өөрийгөө танин мэдэх, хувь хүний хөгжил, оюун ухаан, авъяас, нийгмийн чадварыг дэмжихэд оршдог. Эцэг эх нь хүүхдийг хайрлаж, найдвартай харж хандахыг л хүсэх болно. Гэхдээ хүүхэд чамайг хүндэлж харьцах ёстой бөгөөд чиний үгэнд ордог байх хэрэгтэй.

Хүүхдийн хүмүүжлийн талаар маш олон үзэл бодол, ойлголт байх ба дараах үндсэн зарчмыг та ч бас санаж, баримтлах ёстой:

Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийн хэлбэрийг хориглох бөгөөд зодох, өшиглөх нь туйлаас хориотой! 

Хүүхдийн наснаас хамааран тэдэнтэй харьцах арга барил маш ялгаатай:

  • Нярай: Нярай хүүхдэд таны анхаарал халамж, нягт нямбай асаргаа сувилгаа нэн хэрэгтэй.
  • Нялх хүүхэд: Нялх хүүхдийг маш сайн анзаарч, өлсөх, цангах, унтах, усанд оруулах зэрэг суурь хэрэгцээг нь хангаж өгөх ёстой болно.
  • Цэцэрлэгийн насны хүүхэд: Цэцэрлэгийн насны хүүхдэд ихэвчлэн тоглох, тусламж дэмжлэг шаардлагатай.
  • Сургуулийн насны хүүхэд: Сургуулийн насны хүүхдийг үүрэг даалгаврыг нь зохион байгуулах, хуваарилах, харж хандах хэрэгтэй.

Хүүхдийн суурь хэрэгцээ хангагдсан гэж үзэж байгаа бол тэдэнд тохирсон арга хэмжээ, хийх зүйлийг санал болгох хэрэгтэй. Компьютер, зурагтаар саатуулах нь тийм ч зөв санаа биш. Хүүхдийн насны онцлогоос хамааран дараах зүйлийг санал болгож болно.

  • Аль болох гадаа гаргаж, өөрийн дураар чөлөөтэй хөдөлгөөн хийлгэх, талбай дээр тоглуулах, дугуй унах, бөмбөг тоглох, биеийн тамираар хичээллэх зэрэг
  • Гар урлал хийх, зураг зурах, будах, юм наах
  • Нарийн боов хийх, хоол хийх
  • Ном уншиж өгөх
  • Дуулах, бүжиглэх, жүжиг тоглох
  • Тоглоом (хөзөр, монопол зэрэг)
  • Багт хувцас өмсөх, нүүрээ будах гэх мэт.

Эдгээр нь хүүхдүүдтэй ажиллахад тохиромжтой санаанууд юм. Хүүхдийн аюулгүй байдал, анхаарал халамж тавих тал дээр хариуцлага хүлээсэн үедээ та бүх анхаарлаа түүнд зориулах ёстой. Энэ хугацаанд гар утсаар оролдох, компьтер дээр суух, сэтгүүл үзэх зэрэг анхаарал сарниулах өөр зүйл хийхийг хориглоно.