Internet/ Интернет
Бараг бүх герман айл гэртээ интернет холбуулсан байдаг. Гэвч энэ нь та тухайн айлын компьютерийг хязгааргүй ашиглаж болно гэсэн үг биш. Хэзээ, хэр удаан хугацаагаар компьютерийг нь ашиглаж болох талаар хүлээн авагч эцэг эхтэйгээ ярилцан тохирох хэрэгтэй. Тухайн гэр бүлийн хувийн болон ажлын холбогдолтой зүйлс, баримт бичиг компьютерт нь хадгалаатай байгаа тул маш хянуур, болгоомжтой байх хэрэгтэйг санаарай. Үүнээс гадна маш сайн мэдэж байх ёстой өөр нэг зүйл бий.
Таны Германд байгаа зорилго чинь шинэ орчин нөхцөлд орж, таньж мэдэхгүй, олон шинэ соргог зүйлтэй танилцах, найз нөхөдтэй болох, хэлээ сайжруулах явдал юм. Хэрвээ олон цагаар гэр бүл, эх орондоо байгаа найз нөхөдтэйгөө харилцах зорилгоор инернет болон мэдээллийн хэрэгслийг ашиглаж байгаа бол германд тийм амар хөлөө олж чадахгүй шүү. Хэдэн цагаар интернет ашиглах нь тухайн айлынхаа гэр бүлийн гишүүн буюу германы нийгмийн нэг бүрэлдэхүүн болоход чинь саад болно. Жишээ нь: Зочин айлынхаа хүмүүстэй оройн хоол хамт идэхийн оронд нутагтаа байгаа найзтайгаа чатлаад суугаад байвал, тэд чамайг өөрийн эх орны нийгэмд харилцахыг илүүд үзэж байна гэж ойлгох болно. Хэрэв та зүрх сэтгэл, ой ухаанаараа эх орондоо байгаад байвал германд дасан зохицож, нийгмийн амьдралд оролцож чадахгүй. Тэгэхээр, гэр бүл, найз нөхөдтэйгөө холбогдох цагаа долоо хоногт нэгээс хоёр цагаар багасгахыг хичээгээрэй. Нийгмийн сүлжээг зөв зохистой хэрэглэх танд хэрэгтэй гэдгийн санахад илүүдэхгүй юм.
Шинэ зүйлтэй танилцах, өөр орны хүмүүс, соёл зан заншилтай танилцах боломжийг ашиглан, сайхан зүйлээс таашаал авах хэрэгтэй. Интернет бол хэлний курс, болох арга хэмжээ, галт тэрэгний холболт, хуваарь, хаяг зэргийг хайж олоход маш тустай мэдээллийн хэрэгсэл юм. Хүлээн авагч гэр бүлээсээ компьютерийг нь ашиглаж болох эсэх, тийм бол хэзээ боломжтойг асууж тодруулаарай. Хэрэв зочин айлдаа интернет ашиглах боломжгүй бол ойр хавьд чинь нийтэд зориулсан интернет орох боломж байж л таарна. (Жишээ нь: интернет кафе, номын сан, албан бус боловсролын төв зэрэг).
Telefon/Суурин утас
Суурин утсыг нь хэзээ, хэр удаан хугацаагаар ашиглаж болох талаар тухайн айл чинь чамтай ярилцаж тохирно. Зарим айл герман суурин утас руу ярих багцтай байдаг бөгөөд улс дотор хязгааргүй ярихыг зөвшөөрдөг. Гэхдээ хөдөлгөөнт буюу гар утас руу хязгааргүй ярина гэсэн үг биш шүү. Гар утсаар ярих нь харьцангуй үнэтэй. Гадаад руу утсаар ярихад аль улс гэдгээс хамааран боломжийн үнэ санал болгодог үүрэн утасны операторууд байдаг. Тиймд өмнө нь тодорхой дугаар хийж залгах шаардлагатай. Хэр удаан хугацаагаар, хэдийд гэр лүүгээ залгаж болохыг байгаа айлтайгаа ярьж тохироорой. Германаас өөртөө гар утас худалдаж авч бас болно. Гэхдээ аль нь хамгийн боломжтойг нь асууж тодруулах хэрэгтэй. Гар утсаар гадаад руу залгах нь үнэтэй учир хамгийн тохиромжгүй хувилбар.
Германы утасны дугаар дараах бүтэцтэй: Хот, суурин бүр 0-ээр эхэлсэн өөрийн гэсэн кодтой. Жишээ нь Мюнхенийн код 089. Энэ кодын араас 4-7 орон бүхий хэрэглэгчийн дугаар байна. Хэрэв хот, суурин дотор буюу адил кодтой дугаар луу залгах бол хэрэглэгчийн дугаарыг хийхэд л хангалттай. Гар утасны дугаар дандаа 01-ээр эхэлнэ. Гадаадаас герман луу залгах бол улсын код болох 0049 дугаарыг хийж(Америк, Канадаас бол 01149), хотын кодын эхний 0-ийг хасаж залгана. Гэр лүүгээ залгах бол өөрийн улсынхаа кодыг хийх шаардлагатай.