Австрийн Венийн их сургуулийн МАГИСТРЫН ангийн оюутан Наранзул маань оролцож байна.

Ихийг хийж бүтээх, шинэ сонин зүйлсийг таньж мэдэн шинэ орчин, шинэ хүрээлэл дунд амьдарч амьдралын туршлага, мэдлэг чадвар хуримтлуулж байгаа залуус та бүгд маань Австри улсад дурсамж дүүрэн амьдарч байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэнд байх хугацаандаа үзсэн харсан, сурсан зүйлсээ хойч үе, залуустайгаа дуртайяа хуваалцана гэдэгт итгэж байна.

‘Weg zum Studium’ – “Мэргэжилд хөтлөх зам” блог мэдээ булангийн цахим зочноор Австрийн Венийн их сургуулийн ( University of Vienna, Austria) МАГИСТРЫН ангийн оюутан Наранзул маань оролцож байна. 

 

Өөрийгөө танилцуулна уу

Сайн байна уу? Намайг Наранзул гэдэг. 24 настай. Одоогоор Австри улсын Венийн их сургуульд (University of Vienna, Austria ) Олон улсын эдийн засгийн харилцааны Мастерийн зэрэгт суралцаж байгаа.

Яагаад Австри улсыг зорих болсон бэ? Ямар зорилго тээн очсон бэ? Анх очиход хэр таалагдсан бэ? Монголд байхдаа төсөөлж байснаас өөр байсан уу?

Австри улс, тэр дундаа Вена хот нь дэлхийн хамгийн хүнд ээлтэй, хүн амьдрахад таатай орчинтой хот байдаг. Европт болоод дэлхийд нэр хүндтэй их сургуулиуд энд байрладаг. Анх Америк суралцах бодолтой байсан боловч англиас гадна давхар өөр хэл сайн сурмаар санагдаад герман хэлтэй улс руу явахаар шийдсэн.

Австри улсын ямар чиглэлээд суралцдаг вэ? Сургуулийнхаа харьяа хэлний бэлтгэлд хамрагдсан уу? Герман хэлний ямар төвшинг шалгалтыг өгснөөр элсэн ордог вэ?

Олон улсын эдийн засгийн харилцааны мастерийн зэрэгт суралцдаг. Монголд байхдаа дөнгөж А1 түвшиний шалгалт өгөөд Герман болон Австрид Ау-Пайр хөтөлбөрт хамрагдаж ирээд Герман хэлний сургалтанд тогтмол суудаг байсан, бас Герман, Австри айлд амьдардаг байсан учир хэлийг харьцангуй хурдан сурсан. Хичнээн дүрэм үзлээ гээд хэл сурчихгүй, орчинд нь орж алдаа оноотой ярьж, хүнтэй харьцаж байж хэлийг сайн сурдаг, өөрөөр хэлбэл маш хурдан чихний бөглөө арилдаг, тухайн хэлээр ярих мэдрэмж бий болдог гэдгийг Герман зочин айлдаа байхдаа ойлгосон. Манай айлынхан бас маш хурдан германаар яриад сурчихлаа гэж гайхаж байсан.

Их сургуулийнхаа хэлний бэлтгэлд яг нэг жил суусан. Суусан гэдэг нь короногийн ид үе таарсан учир онлайнаар хичээлдээ суусан гэсэн үг. Онлайнаар орох нь биеээр багштайгаа, бусад хүүхдүүдтэй нүүр нүүрээ харж ярилцах боломжгүй сул тал ихтэй байсан ч ямар ч байсан нэг жилийн дараа С1 буюу EPD шалгалтанд орж +1 дүнтэй тэнцсээн. Австрид гадны оюутнууд их сургуульд сурахын тулд герман хэлний EPD шалгалтыг хамгийн багадаа 4 оноогоор давах ёстой байдаг.

 

Австрийн их сургуулийн сургалтын төлбөр хэд вэ? Мөн хэлний бэлтгэлийн төлбөр? Бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах сургалтын төлбөр бага уу?

Австри болон герман улсын их сургуулиуд нь бусад улс орнуудтай харьцуулахад ерөнхийдөө үнэгүй байдаг гэж хэлж болно. Маш бага хэмжээний сургалтын суурь хураамж гэж авдаг. Энэ нь нэг семестерийн 726.72 евро ба монголын зарим их сургуулиудаас ч хямд юм.

Харин хэлний бэлтгэл нь нэг семестерийн 1230 евро байдаг. Гэхдээ хэрвээ тухайн оюутан явцын шалгалтаа сайн өгөөд ахиц дэвшил гаргаад байвал тэтгэлэг өгч сургалтын төлбөрөөс хэсэгчлэн чөлөөлж зөвхөн 440 еврогоор сурч болдог. Би бас тэгж хөнгөлөлт авч байсаан.

 

Амжиргааны зардал ямар байдаг вэ? Цагийн ажил хийгээд хэрэглээний зардлаа хангалттай олдог уу?

Вена хотод олон монгол оюутнууд цагийн ажил хийхийн хамт их сургуульдаа, хэлний бэлтгэлдээ суралцаад явдаг. Гадаад оюутан долоо хоногт хамгийн ихдээ 20 цаг ажил хийх эрхтэй байдаг. Түүнээс их ер нь хийгээд ч хэрэггүй. Хэрвээ үнэхээр их сургуульд суралцана, өндөр боловсрол эзэмшинэ гэдэг зорилготой бол хэт их ажил хийх нь хичээл сурлаганд сөргөөр нөлөөлдөг байгаа.

Долоо хоногтоо яг 20 цагаа ажил хийхэд илүү ч гүй, дутуу ч гүй сарынхаа хэрэглээний мөнгийг олоод байх боломжтой. Цагийн ажил хийхийн тулд мэдээж герман хэлний тодорхой түвшинтэй, хүний яриа ойлгодог, хариулж чаддаг болчихсон байх хэрэгтэй.

 

Австри улсад амьдрахад хамгийн таатай сайхан зүйл нь юу байв, хамгийн хэцүү хүнд зүйл гэвэл юуг хэлэх вэ?

Хамгийн таатай зүйл нь Вена хотын орчин нөхцөл байсан. Гэрээсээ дөнгөж гараад л хэд алхахад ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, паркууд зөндөө байдаг. Дэлхийн хамгийн ногоон хот гэдэг нь үнэхээр мэдэгддэг. Хотын төвдөө голтой, голын эргээ дагаад залуучууд ярьж суудаг, найз нөхдөөрөө хоорондоо уулздаг, хөөрхөн кафе, зоогийн газрууд зөндөө байдаг. Зүгээр энгийн барилга байгууламж гэхэд л гадна дотноосоо музей шиг харагддаг. Хүн нэг газар амьдрахад зүгээр нэг орох орон, өмсөх хувцас, идэх хоолноос гадна урлаг уран сайхан, гоо зүйн мэдрэмж, таашаал хэрэгтэй гэдгийг энэ хот маш сайн ойлгодог.

Хамгийн хэцүү зүйл нь короногийн үеэр л тохиолдлоо. Бүх газрууд хаалгаа бариад, гадуур чөлөөтэй явж болохгүй, цагдаагийн байнгийн хяналттай, найз нөхөдтэйгөө уулзах боломжгүй болж бас гэрээ санах зэрэг хэцүү зүйлүүд байсан. Мөн ажил хийх боломжгүй болсон тул санхүүгийн хүндрэл бас тулгарсаан.

Бид хичээж чадвал олон боломж дэлхий дээр байна гэж хэлдэг. Ер нь Австри улсад сурч ажиллах, амьдрах боломж хэр байна вэ?

Тэр үнээн. Монгол оюутнууд хараад байхад маш хурдтай, юмыг амархан ойлгоод сурчихдаг. Хэл сурч байх үед бол австрийн хэлний сургалтын систем хэт удаан, ойлгочихоод болчихоод байхад нэг зүйлээ дахин дахин давтаад байгаа нь сүүлдээ залхмаар ч юм шиг санагдах үе байсан. Гэхдээ магадгүй толгойд гүн суулгах арга барил нь ч байж болох юм...

Австри улсаас короногоос болж хүнд байдалд орсон оюутнуудад гадаад дотоод гэлтгүй санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан, мөн ажил нь хаагдсан ч сар бүрийн цалинг нь улсаас олгож байсан. Ер нь засгийн газар нь хүний төлөө, улсынхаа төлөө маш хичээж ажилладаг юм шиг санагдсан. Сурах, амьдрах боломж бол зөндөө бий, хамгийн гол нь хүн өөрөө хичээж хэлээ сайн сурч, хичээлээ сайн хийх хэрэгтэй.

 

Герман хэлээ хэр сайжруулсан бэ? Хэлний бэлтгэл, дамжаанд суралцахад яах ёстой байдаг вэ? Бидэнд зөвлөвөл? Хичээлийн хэдэн өдөртэй вэ?

Герман хэл маань монголоос маш анхан шатных явсан, гэхдээ герман айлд очоод алдаа оноотой ярих гэж хичээсээр байгаад маш хурдан сайжирсаан.

Германд байхдаа долоо хоногийн 2 өдөр, Австрид 5 өдөр сургалтанд явж герман багштай ярьж, хичээл заалгадаг байсан. Герман хэлний дүрэм анхандаа хэт маягтай, төвөгтэй санагдаж байсан яваандаа ямар ч төвөггүй болчихсон. Мөн англи хэлтэй бол герман хэл сурахад харьцангуй амар санагдан.

Сургалтан дээрээ дүрмээ заалгаад, гэртээ ирээд гэрийхэнтэйгээ, хүүхдүүдтэй тасралтгүй яриад байхаар аяндаа нэг мэдэхэд бодохгүйгээр ярьдаг болчихдог юм байна лээ. Түүнээс гадна Netflix өдөр болгон герман дээр нь тавьж тохируулаад л байнга үздэг байсан. Хэл сурах гэж байгаа бол өөрийгөө бүх талаас нь тухайн хэлдээ зориулвал 10 жил өөр нэг хүн сураагүй юмыг 1 жилийн дотор ч сурчих боломжтой. Тэнд байхдаа надаас удаан австрид өчнөөн олон жил болсон хэрнээ герман хэл нь анхан шатандаа л байгаа хүмүүстэй зөндөө таарч байсан. Тэгэхээр чамаас л бүх зүйл шалтгаална даа.

 

Хичээлээс гадуурх чөлөөт цаг хэр их байдаг вэ. Чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байсан дурсамжаасаа хуваалцвал? Амралтын өдрүүдийг яаж өнгөрөөж байна?

Хэлний бэлтгэлд явдаг байх үед зөвхөн хэлээ л үзэх учир чөлөөт цаг их гардаг байсан. Чөлөөт цагаараа парк орно, цэцэрлэгт хүрээлэн орно, номын сан орно, музей үзнэ, кафе орно, мөн түрээслэдэг дугуй аваад дугуй унаж болно, зуны улиралд гадаа талбайн бассейн орж болно, гол орж сэлж болно, зүгээр зүлгэн дээр суугаад найз нөхөдтэйгөө уулзаж бас болно. Ер нь хийх юм мундахгүй. Австри хүмүүсийг хараад байхад ажиллах ёстой үед нь ажилласан шиг ажиллачихаад амралтын өдрөөрөө гэр бүлээрээ дугуй унаад, амарч зугаалаад, салхинд гараад, яг нэг төгс нийгэм тогтчихсон юм шиг байдаг.

Хөрш зэргэлдээ улс хот руу аялал хийх боломжтой байдаг гэж байсан. Хаашаа хаашаа явсан бэ? Аялаж амжсан уу?

Шенгений орны аль нэг улсын визтэй л байхад европийн бүх улсуудаар зорчих боломжтой байдаг тул аялах боломж үнэхээр нээлттэй. Миний хувьд Герман, Австриас гадна Итали, Франц, Недерланд, Швецарь зэрэг орнуудаар аялж байсан. 2020 онд илүү аялах төлөвлөгөөтэй байсан боловч цар тахалаас болоод аялж чадаагүй. 

 

Австри хүмүүсийн амьдралын хэв маяг, зан төлөв ямархуу санагдсан бэ? Тэдэнтэй хамт амьдарч, ажиллаж сурч хөгжихөд боломжтой юу?

Австри хүмүүс ерөнхийдөө маш зарчимч, цаг сайн барьдаг, хууль дүрмийг чанад сахидаг хүмүүс байдаг. Веначүүдийг харин зарим хүмүүс grumpy буюу ууртай уцаартай, ааш муутай хүмүүс гэдэг. Зарим хүмүүс нь үнэхээр тийм, гэхдээ бүгд бишээ хэхэ. Би өөрөө оюутны байранд амьдардаг тул олон орноос ирсэн оюутнуудтай танилцаж герман, итали, польш, финнланд зэрэг орны олон найз нөхөдтэй болсоон.

Австри үндэсний баяруудад олон оролцсон уу? Баяр ёслолыг яаж тэмдэглэдэг юм байна? Ямархуу байдаг вэ?

Христийн шашинтай ард түмэн учир шашны холбогдолтой олон баяр, амралтын өдрүүд болдог. Сургалтанд сууж байхад байс гээд л ийм баяр амарна гээд хичээл ордоггүй байсан. Заримдаа хэт их бүх нийтийн амралтийн өдөртэй юм шиг санагддаг байсан ххэ.

Миний хувьд хамгийн гоё болдог нь зул сарын баяр, улаан өндөгний баяр мөн шинэ жил байдаг. 

 

Монголоос шууд Австрийн их, дээд сургуульд суралцахаар хөөцөлдвөл бэрхшээл байна уу?  Таны хувьд ямар арга замыг сонгон одоогийн их сургуульдаа элсэн орсон вэ?

Монголоос шууд их сургуульд сурч болно гэхдээ хүндрэл их гардаг санагдсан. Яагаад гэвэл гэнэтийн орчин өөрчөгдөөд орчиндоо дасаж амжаагүй байтал сургууль эхэлчихвэл яах учраа олохгүй. Мөн үнэхээр сайн хэлээ сайжруулаад л ирэхгүй бол хэлний түвшин муу бол ажил олох хэцүү.

Европт бүх хүмүүс англиар ярьдаг, англи хэлтэй байхад алцахгүй гэлцдэг боловч яг бодит байдал дээрээ бас хүн болгон англиар ярихгүй, англиар юм асуухад ойлгосон ч германаар хариулах тохиолдол байдаг, мөн ажилд авахдаа бараг бүх газар германаар ярьдаг байхыг шаарддаг.

Хэл сайн байлаа гээд ч тийм амархан ажил олдохгүй. Олдлоо гэхэд ажил хийх зөвшөөрөл удаж гардаг. Тийм учраас нэгт хэлний түвшин өндөр, хоёрт ажил хийхгүй байсан ч дор хаяж гурван сар амьдархаар санхүүтэй байх хэрэгтэй, гуравт, хэн нэг таньдаг хүнтэй, тэр анх ирэхэд нь хоттой, орчинтой нь танилцуулж  өгвөл бүр сайн.

Миний хувьд анх Au-pair-aaр хөтөлбөрөөр Германд, Австри улсад хүрэлцэн ирээд дараа нь суралцахаар Вена хотод ирсэн учир хэлний болон бас бус бэрхшээл бага байсан. Ер нь герман хэлтэй оронд сурахаар төлөвлөж байгаа бол нэг жилAu-pair  хийчихвэл өөрөө цаашаа учраа олчихдог давуу талтай.

 

Төгсгөлд нь асуухад Австри улсад сурч ажиллах хүсэлтэй залууст юу анхаарч юу мэдвэл зохистой гэж бодож байна?

Гадаадад суралцахыг хүсч байгаа бол даруй ямар арга замаар яаж ирэхээ тодорхойлоод ирэх бэлтгэл ажлаа хийж эхлээд хэлээ хугацаа алдалгүй сайн үзэж эхлээрэй.

Ау-Пайраар Австри, Герман улсад ирэх нь хамгийн зардал багатай, хэлний өндөр түвшин шаардахгүй, хурдан гарах нэг боломж байдаг гэдгийг санаарай.

Нэгэнт сурахаар ирчихсэн бол өөрийгөө дайчлаад хичээлээ сайн хийгээрэй, хэт их цагаар аль болох битгий ажиллаарай, олон орны оюутнуудтай танилцаж мэдлэг туршлага, соёлоо солилцоорой.  Хүнд хэцүү зүйл мэдээж тохиолдоно, тэр үед нь битгий шантраарай, яах гэж ирснээ, зорилгоо байнга санаарай.

БАЯРЛАЛАА ТАНД